Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.11.06-ны өдрийн 128/ШЗ2024/9191
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орано группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.“... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд ... 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.” шаардлагатайг хуульчлан тогтоосон.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 30 дугаартай “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тайлбарлах хэсгийн 2-т “Дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа тогтвортой явуулсан гэдгийг шүүх тогтоохдоо хуульд заасан журмын дагуу татварын алба, улсын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн, хүргүүлсэн тайланг үндэслэнэ.” гэж албан ёсоор тайлбарлажээ.
Түүнчлэн, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2.6-д “Татвар төлөгч нь татварын нэгдсэн мэдээллийн системд нэвтрэн татварын тайлан, хавсралт мэдээг үнэн зөв үйлдэж, хэрэв тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй бол тайлангийн тэмдэглэгээ хийх хэсэгт (√) тэмдэглэгээг хийж, тоон гарын үсгээр баталгаажуулан тушаана.” гэж зохицуулсан.
“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-ын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар батлагдсан дүрмийн 6.3.“Гишүүн байгууллагын үүрэг: 6.3.1.Хуваарийн дагуу хураамж төлөх”, Ес. “Нэгдсэн холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 9.1.Гишүүн байгууллагын хандив, хураамж” гэж зааснаар тус байгууллагын үйл ажиллагааны эх үүсвэр нь гишүүдийн хандив, хураамжаас бүрддэг байх ба Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ нь 2021, 2022, 2023 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ирүүлээгүй, Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын “X” тайлан буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гаргаж хүргүүлсэн.
Шүүх, нэхэмжлэгчийн гаргасан гэх “X” тайлан нь үйл ажиллагаа эрхлээгүйг илэрхийлэх ба үүнийг цахим татварын системээр илгээхдээ “Тухайн тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй” болохоо хүлээн зөвшөөрч, тэмдэглэснээр илгээх боломжтой болдог (https://www.youtube.com/watch?v=E24eem1ixRQ; https://www.youtube.com/watch?v=q7hQ90W8pXU) тул “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-ыг хуульд заасан “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй буюу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосноор одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа болно.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа