Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.09.30-ны өдрийн 128/ШШ2024/0761
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Чойсүрэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлэн ирүүлсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Алтанзулын гаргасан “Ээлжийн ажилтнуудын шөнийн цагийг тооцохдоо 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин 2 цагаар тооцож нийт ээлжинд гарч байгаа ээлжийн сувилагч, туслах сувилагч, жижүүр гэх зэрэг 150 гаруй ажилтны цалин хөлсийг дутуу бодож байгаа асуудал гарсан” гэх гомдлын дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07/01-005 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №0103935 дугаартай шийтгэлийн хуудсаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “шөнийн нэмэгдэл хөлс олгоогүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, ахлах байцаагч Д.Баасандорж, байцаагч П.Чойсүрэн нар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/01-02/019-002 дугаар актаар ээлжийн ажилчдын ажилласан шөнийн цагийн нэмэгдэл 1,692,247.093 /Нэг тэрбум зургаан зуун ерэн хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга ерэн гурав/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээрх актуудыг “Хууль зүйн техник, хэлзүйн талаас нь авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулсан тохиолдолд ажил олгогч шөнийн цагийн нэмэгдэл олгох цагийг туйлын тодорхой хэм хэмжээгээр тодорхой зааж зохицуулаагүй байна. Иймд тус төвийн захиргаа байгууллагын үйл ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзан ажилтны төлөөлөлтэй харилцан тохиролцож 2023 оны 01 сараас эхлэн батлан мөрдсөн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан ажилтныг 72 цаг нөхөн амрааж байгаа тул шөнө цагийн нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасныг үндэслэн Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг баримтлан төсөвтөө багтааж шөнийн ээлжийн гараа тутамд нь 2 цагаар тооцон шөнийн цагийн нэмэгдлийг олгож байгаа болно.” гэж тайлбарлан эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлын шаардлага гаргасан.
Баримтаас үзвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын зөвлөл болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хамтын гэрээний Гуравдугаарт цалин хөлсний асуудлыг зохицуулсан байх ба 3.10.“Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3, 109.8 дахь заалтуудын дагуу 22-06 цагуудад ажилласан цагийг тухайн ажилтны нэг цагийн дундаж цалин хөлснөөс 0.2 дахин бодож бодогдсон цалин, илүү цагийн хөлс дээр нэмэлтээр олгоно.”, 3.17.“Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар СЭМҮТ-ийн ажилтнуудын цалин хөлсийг сар бүрийн 10, 25-ны өдрийн дотор олгоно.” гэж, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтөөр цалин хөлсний тохиролцоонд өөрчлөлт оруулж, 3.10.“Хөдөлмөрийн тухай хуулийн 109.3 дах заалтуудын дагуу шөнө цагуудад ажилласан цагийг тухайн ажилтны нэг цалин дундаж цалин хөлснөөс нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.” гэж тус тус нэмэгдэл хөлс олгох талаар зохицуулсан байна.
Ажил олгогч болон ажилтан хоорондоо тохиролцож хөдөлмөрийн хамтын гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.““хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалттай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.“Цалин хөлсний асуудлаар байгуулах хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна”, 33 дугаар зүйлийн 33.1.“Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана ...”, 37 дугаар зүйлийн 37.1.“Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно:37.1.1.“үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ”, 107 дугаар зүйлийн 107.2.“Ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно” гэж тус тус зохицуулсантай нийцэж байхад хамтын гэрээний асуудлаар хөдөлмөрийн улсын байцаагч нар шууд шийдвэр гаргасан нь буруу.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “цалин хөлс” нь ажил олгогч, ажилтан хооронд талуудын зарчимд үндэслэж хийгддэг сайн дурын тохиролцоо болохын хувьд маргаан гарвал хууль болон гэрээнд заасан журмын дагуу талууд асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэтэл хариуцагч улсын байцаагч нар маргалдагч талууд буюу ажил олгогч, ажилтан талын төлөөллүүдэд хоорондоо зохицох, нарийвчилсан зохицуулалт бүхий Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу асуудлаа шийдвэрлэх боломж олгохгүйгээр төрийн хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь алдаатай захиргааны акт гаргах нөхцөл болсон гэж шүүх дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/17232?daterange=2024-09-30%20-%202024-09-30&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа