Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.13-ны өдрийн 128/ШШ2024/0623 дугаар шийдвэр
Тоймын дугаар, огноо: 2025.04.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
“Б” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа хялбаршуулсан горимоор тайлагнаж байгаад уг горимоос гарах хүсэлтийг 2022 онд гаргасныг татварын байгууллага 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу албан татварын жилийн эцсийн тайлан хүргүүлэх өдөр шийдвэрлэсэн, “Б” ХХК тайлангаа татварын цахим системээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр илгээсэн байна
“Б” ХХК-иас “хялбаршуулсан горимоос гарах хүсэлтийг бүтэн жилийн дараа тайлан хүлээж авах сүүлийн өдөр шийдвэрлэсэн нь буруу, татварын цахим системд илгээх үйлдэл хийгдэхгүй байсан нь татварын байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан” гэж, татварын байгууллагаас “хуульд заасан хугацааг хэтрүүлж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан илгээсэн тул татварын хөнгөлөлт эдлэх эрхгүй” гэж маргасан.
Шүүх, татварын цахим системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах нь татварын байгууллагын үүрэг бөгөөд татварын цахим системийн алдаанаас шалтгаалан “Б” ХХК хуулийн хугацаанд тайлангаа илгээх боломжгүй болж буцаан олголтод хамрагдаж чадаагүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэв.
Түүнчлэн “Б” ХХК-ийн 2022 онд гаргасан хүсэлтийг татварын байгууллага 1 жилийн дараа, албан татварыг тайлагнах сүүлийн өдөр шийдвэрлэж хялбаршуулсан горимоос гаргасан атлаа “тайлан илгээх хуулийн хугацаа хэтрүүлсэн” гэж буруутгасан нь үндэслэлгүй, захиргааны үйл ажиллагаа шуурхай байх зарчмыг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17147?daterange=2024-01-01%20-%202025-04-02&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг