Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан мэдээллээр хангах ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль”-ийн 11 дүгээр ангийн сурагчдыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцууллаа.

Сурагчдад олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн байрны үүсэл хөгжил, бүтэц, орон тоо, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгөн шүүх хуралдааны танхим болон шүүхийн байрыг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр сурагчдыг хүлээн авч уулзаж хуульч мэргэжил, шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын чиг үүргийн талаар танилцуулж, хуульч мэргэжлийг сонговол юунд анхаарах талаар зөвлөгөө өглөө.

Сурагчид хуульч мэргэжлийн онцлогийн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан ач холбогдолтой уулзалт боллоо.

Сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР