Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.12.01-ний өдрийн 128/ШШ2025/0887
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Төрийн өмчит “Ш” хувьцаат компанид гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой Үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулдаг ба тухайн компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ХАБ ээлжийн инженерээр ажиллаж байсан С.Л нь нийт 415 гишүүн оролцсон хуралдаанаас 100%-ийн саналаар уг Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсоноор түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаасаа чөлөөлөгджээ.
“Ш” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны А/148 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар компанийн 2024 оны үйл ажиллагааны жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээнд үндэслэн жилийн үр дүнгийн шагналын болзол хангасан ажилтнуудын нэрсийг баталж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгосны дотор нэхэмжлэгч С.Л-д 2,357,201.000 төгрөгийн шагналт цалин бодогдон олгогджээ.
Энэ үйл баримтад хариуцагч Үндэсний аудитын газраас төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шалгалт явуулж, “Ш” ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар компанийн ажилтан бус, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад 2,357,201.00 төгрөгийн үр дүнгийн шагналт цалин олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”-ыг хориглосон заалтыг зөрчиж, улмаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “үнэн зөв байх”, “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэж, Төрийн аудитын тухай хуульд “шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон ... бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтоох”-оор заасныг үндэслэн хууль зөрчиж олгосон 2,357,201.00 төгрөгийг нөхөн төлүүлэхээр “Төлбөр барагдуулах тухай” актыг тогтоожээ.
Шүүх, маргааны зүйлийн хүрээнд хариуцагч нь шалгагдагч хуулийн этгээдийн зөвхөн хөдөлмөрлөх эрхийн харилцаатай ажилтны эрх зүйн байдалд анхаарал хандуулснаас шийдвэр нь бодитой, үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн холбогдох заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай уялдуулан тайлбарлаж, нэхэмжлэгч нь сонгуульт ажил гүйцэтгэсний хүрээнд төрийн өмчит компаниас шагналт цалин авах хууль зүйн боломжтой эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгсөн:
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд “эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах” суурь зарчмыг баримталж үндсэн эрхээр эдлэхийг Хөдөлмөрийн тухай хуульд зааж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилтан болон ажил олгогч аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх…” эрхийг хангахаар хуульчилсан бол, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна” гэж хуульчилжээ.
Энэ агуулгаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Ш” ТӨХК-ийн захиргаа болон Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийг үгүйсгэх, буруутгах үндэслэлгүй, уг хамтын гэрээ, хэлэлцээр нь хөдөлмөрийн гэрээнээс эрэмбийн хувьд давж үйлчлэхээр буйг анхаараагүй нь бодит байдалд нийцээгүй, хууль хоорондын холбоог гаргаж чадаагүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэмээн үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://www.shuukh.mn/single_case/20181?daterange=2025-05-01%20-%202026-03-06&id=1&court_cat=3&bb=1
ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН