Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчид хандаж мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Олон нийт шүүх эрх мэдлээс шударга ёс, ёс зүй, сахилга хариуцлагыг шаарддаг. Хуулийг алагчлалгүй нэг мөр хэрэглэх, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхийг олон нийт хүсэж байна. Шүүгч Та албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль журмыг чанд мөрдөж, нийгэмд шударга ёсыг тогтоох ариун үйлсийг манлайлах эрхэм үүргээ ухамсарлан ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэжээ. Шүүх байгуулах тухай болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүд нь иргэдэд хүртээмжтэй, шүүгчийн мэргэших боломжийг дэмжсэн, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангасан байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан байх шаардлагатайг Ерөнхийлөгч мөн онцолсон байна.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Нийт шүүгчийн чуулган нь Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг танилцууллаа.
Энэ удаагийн чуулганд бүх шатны шүүхийн 438 шүүгч оролцож байна.