Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг цувралаар хүргэж байна.
RES JUDICATA ЗАРЧИМ БА ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ХЯНАХ АСУУДАЛ
Justice Delayed Is Justice Denied
Хураангуй
Эрх зүйн онолын ерөнхий болон тусгай зарчмын агуулга, мөн чанарыг ул суурьтай танин мэдэж, түүнийг өөрийн мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чадвартай байх нь шүүгч бодит байдалд тэр бүр урьдчилан таамаглах боломжгүй өдий төдий тохиолдлыг үр нөлөөтэй, чанартай шийдвэрлэх, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нэг үндсэн нөхцөл билээ.
Энэхүү өгүүллийн хүрээнд бид Монгол Улсын Их Хурлаас 2016 онд шинэчлэн найруулж баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах”-тай холбоотой харилцааг зохицуулсан 131-134 дүгээр зүйлийн агуулгыг процессын эрх зүйн res judicata зарчмын үүднээс авч үзэн, шүүхээс хуулийн тухайн заалтыг хэрэглэж буй өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид анхаарвал зохих зарим асуудлын талаар өөрсдийн саналыг дэвшүүлэв.
Түлхүүр үг
res judicata, шинээр илэрсэн нөхцөл байдал, шинэ нотлох баримт, эрх зүйн хэрэгсэл, шүүхийн шийдвэрийг дахин хянах.
Удиртгал
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад даруй 20 жил өнгөрчээ. 100 илүү жилийн түүхтэй орчин цагийн Монгол Улсын шүүхийн тогтолцоонд “20 жил” гэдэг төдийлөн урт хугацаа биш ч басхүү “саяхан” гэх ойлголтоор илэрхийлэх богино хугацаа биш ээ.
Энэ хугацаанд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах асуудлыг Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлан, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлээр зохицуулж байсан бол өнөөгийн байдлаар 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр батлагдан, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг, 131-134 дүгээр зүйлээр зохицуулж байна.
Захиргааны процесс дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах ажиллагааны талаар доктор, профессор А.Эрдэнэцогт[1], Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Г.Банзрагч[2] болон Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төв[3] өөрсдийн гаргасан сурах бичигт тус бүр нэг бүлэг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн “Захиргааны хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянан үзэх зохицуулалтын онол, практикийн зарим асуудал”[4] нэртэй судалгаа, судлаач Э.Мөнхдаваа “Шинээр илэрсэн нөхцөлөөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл”[5] сэдэвт өгүүлэлдээ авч үзсэнээс өөр тухайлан хөндсөн судалгааны ажил олдсонгүй.
Энэхүү өгүүлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131-134 дүгээр зүйлд заасан “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах” зохицуулалтын агуулгыг дээр дурдсан сурах бичиг болон судалгааны ажилд төдийлөн дурдагдаагүй “өнцөг” болох res judicata зарчмын үүднээс авч үзэн, шүүхээс хуулийн тухайн зохицуулалтыг хэрэглэж буй өнөөгийн байдал хийгээд цаашид анхаарвал зохих зарим асуудлын талаарх өөрсдийн саналыг харьцуулсан эрх зүй болон эрх зүйн социологийн аргуудыг ашиглан дэвшүүллээ.
Монгол Улсын эрх зүйн зохицуулалт ба гадаад орны жишиг
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, … нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй…”,
Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ”, 3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”,
Далдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн заасан нь эрх зүйн онол номнолын үүднээс хэдэн арван боть судалгааны ажлаар илэрхийлэгдэх гүн утга агуулгатай.
Захиргааны процессын эрх зүй нэгэн институц болох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтад тусгалаа олсон “шударга шүүхээр шүүлгэх эрх” болон “Үндсэн хуульд нийцсэн” шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх зарчмын торгон уулзвар дээр оршин, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахад чиглэсэн эрх зүйн “онцгой хэрэгсэл” бөгөөд эрх зүйт төрийн үндсэн зарчмын нэг болох эрх зүйн тодорхой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тодруулбал, эрх зүйн тодорхой байдлын зарчим (legal certainty)-ийн үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ЗХШХШтХ” гэх)-ийн 110 дугаар зүйлийн 110.1[6]-д заасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох нь нэг талаас хүн, хуулийн этгээдэд тухайн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийг бий болгож, санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талдаа шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах хэргийн оролцогчид, тэдгээрийн эрх залгамжлагч нарын эрхийг хязгаарлах замаар эрх зүйн тодорхой байдал, шүүхийн шийдвэрт итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах чиг үүрэгтэй.
Үүнийг өрнөдийн эрх зүйн тогтолцоонд “effect of the final and conclusive decision on the merits” буюу res judicata гэх латин нэр томьёогоор илэрхийлэх нь түгээмэл байдаг бол хуучин социалист байсан орнууд “шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” гэх ойлголтоор ихэвчлэн илэрхийлж байна.[7]
Бодит амьдрал дээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь эрх зүйт төрийн зарчмыг “ноцтой зөрчсөн”-ий улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тохиолдол гарч болох ба чухам ийм “ноцтой алдаа”-г залруулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин шинээр явуулах замаар хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох боломжийг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах” эрх зүйн онцгой хэрэгсэл бидэнд олгодог.
Гэвч дэлхийн соёл иргэншсэн улс орнууд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэн бүхэн биелүүлэх үүрэгтэй гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсний[8] адилаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах эрх зүйн “онцгой” хэрэгслийг захиргааны хэрэг маргааны тухайд хэрэглэх эсэх асуудалд нэг мөр тогтож чадаагүй л байна.
Тухайлбал, 2015 оны байдлаар Европын зөвлөл /European Commission/-ийн 47 гишүүн улсын 23 улс иргэний болон захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянахыг хуулиар зөвшөөрч[9] байсан бол үлдэх улсууд нь res judicata зарчим болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй.
Хэрэв тодорхой нэг шүүхийн шийдвэр эрх зүйт төрийн зарчмыг “ноцтой” зөрчсөнөөс хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэх асуудал үүсвэл түүнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг “эвдэх” замаар бус харин төрөөс “гэм хорын хохирол” болон “алдагдсан боломжийн нөхөн төлбөр” нэхэмжлэх зэрэг өөр бусад эрх зүйн хэрэгслийн тусламжтайгаар шийдвэрлэж байна.
Үүнтэй холбоотойгоор, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах замаар иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэхэд “босго” бологч res judicata зарчмын агуулга, мөн чанарыг ойлгох нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах эрх зүйн хэрэгслийн “онцгой” шинжийг бүрэн танин мэдэж, хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэй, зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой.[10]
RES JUDICATA гэх ойлголтыг үгчлэн орчуулбал "шийдвэрлэсэн асуудал"[11] гэсэн утгатай бөгөөд res judicata pro veritate accipitur буюу “шийдвэрлэсэн асуудлыг үнэн гэж үзнэ"[12] гэсэн агуулга бүхий хууль зүйн максимын товчлол аж.
Энэ зарчмын үндсэн санаа нь өмнө нэгэнтээ дурдсанчлан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон эрх зүйн үр дагаврын хувьд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх шинжтэй хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн захирамж/тогтоолоор шийдвэрлэсэн асуудал эцсийнх байж хэргийн оролцогчид тухайн асуудлаар дахин маргах эрхгүй гэсэн агуулгыг илэрхийлэх тул талуудад тухайн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийг хүлээлгэж байдаг. Энэ агуулгаараа хэргийн оролцогчдын болон маргааны зүйлийн ижил байдалд онцгой анхаарал хандуулж
- эерэг буюу талууд тухайн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дараагийн маргаанд дахин нотлох үүргээс чөлөөлөгдөх,
- сөрөг буюу нэгэнт тогтоогдсон үйл баримтаар дахин маргаан үүсгэхээс урьдчилан сэргийлэх замаар дуусашгүй маргаан үүсэхээс сэргийлж, эрх зүйн тодорхой байдлыг хангаж өгдөг.
Үүний дүнд шүүхийн үйл ажиллагаа үр дүнтэй, хэмнэлттэй явагдах боломжтой болохын зэрэгцээ өөр хоорондоо зөрчилтэй шийдвэр гарч иргэдийн шүүхэд итгэх итгэл алдрахаас сэргийлэх боломж бүрддэг.[13]
Үлэмж ач холбогдолтой энэхүү зарчмаас гажин хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох замаар нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийг дахин хянан хэлэлцэх нь наанадаж хэргийн оролцогчдод чирэгдэл учруулах, шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай бол цаашлаад талуудын маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарч эрх зүйн тодорхой, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иймд нэгэнт явагдаад өнгөрсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд тухайлан заасан “маш хүнд, ноцтой шалтгааны улмаас”[14] л эрх, ашиг сонирхол бүхий этгээдийн хүсэлтээр ахин сэргээн явуулах боломжтой бөгөөд үүнийг процессын эрх зүйд “эрх зүйн онцгой хэрэгсэл” хэмээн нэрийддэг.
ЗХШХШтХ-ийн 14 дүгээр бүлгийн зохицуулалтаас үзэхэд захиргааны процессын эрх зүйн онцгой хэрэгсэл болох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа тус улсад:
- Хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх буюу хэргийг өмнөх байдалд нь сэргээх /restitutio in integrum/ ажиллагаа,
- Биелэгдсэн шийдвэрийг цуцлах гэсэн хоёр үе шаттай явагдаж байна.
Харин захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах “ноцтой” шалтгаан, үндэслэлийг ЗХШХШтХ-ийн 131 дүгээр зүйлд:
- шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн;
- шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
- шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол болон шийдвэр, эсхүл захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон;
- гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн хэмээн нэг бүрчлэн хуульчлан тодорхойлсон.
Дашрамд дурдахад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах “ноцтой” үндэслэл, шалтгааныг улс орнууд өөрийн онцлогт тохирсон байдлаар харилцан адилгүй байдлаар хууль тогтоомждоо тодорхойлсон байдаг ба тухайлан манай улстай эрх зүйн тогтолцооны хувьд нэг бүлд хамаарах ХБНГУ болон БНСУ-ын хувьд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх харилцааг зохицуулсан хуульд нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах харилцааг тухайлан зохицуулсан заалт байдаггүй. Иргэний процессын хуулийн холбогдох зохицуулалтыг эшлэн хэрэглэдэг онцлогтой.
Тухайлбал, ХБНГУ-ын хувьд:
ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийг Иргэний процессын хуулийн 4 дүгээр дэвтэрт заасан журмын дагуу сэргээж болно[15] хэмээн заасан бөгөөд
Иргэний процессын хуулийн 4 дүгээр дэвтэр, 578 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж /res judicata/ дуусгавар болсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл болон хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нэхэмжлэлийн үндсэн дээр сэргээж болно” [16] хэмээн заасан.
Шигтгээ 1. ХБНГУ-ын Иргэний процессын хуулийн 4 дүгээр дэвтэр 579 дугаар зүйл:
579 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл
1.Хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж болно:
1.1.Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийг татгалзах хууль зүйн үндэслэлтэй байсан ч хэргийн оролцогчоос гаргасан шүүгчээс татгалзах хүсэлт болон түүнийг шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангаагүй,
1.3.Шүүгчийг нэг талыг баримталсан гэх үндэслэлээр татгалзсаныг үндэслэлтэй хэмээн үзсэн боловч хэргийг шийдвэрлэхэд тухайн шүүгч оролцсон,
1.4.Хэргийн аль нэг тал хууль ёсны дагуу төлөөлүүлж чадаагүй бол.
2.Нэхэмжлэгч дээрх хэсгийн 1 болон 3-т заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол боломжтой байсан ч гаргаагүй бол энэ төрлийн нэхэмжлэлийг гаргах эрхгүй.
|
Шигтгээ 2. ХБНГУ-ын Иргэний процессын хуулийн 4 дүгээр дэвтэр 580 дугаар зүйл:
580 дугаар зүйл. Хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нэхэмжлэл
Хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж болно:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон мэдүүлгийг нөгөө тал санаатай буюу болгоомжгүйгээр худал мэдүүлсэн;
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон мэдүүлэг, баримт бичгийг бодит байдлыг гуйвуулан бэлтгэсэн эсхүл хуурамчаар үйлдсэн;
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон мэдүүлэг, дүгнэлтийг гэрч, шинжээч үнэнийг мэдүүлэх үүргээ зөрчиж гаргасан нь шүүхийн мөрдлөгөөр тогтоогдсон;
4. Холбогдох маргааны оролцогчийн эсхүл нөгөө талын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн талаарх шүүхийн шийдвэр гарсан;
5. Шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүгч тухайн маргааны оролцогчтой холбоотой албан үүргээ зөрчсөн нь тогтоогдсон;
6. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ерөнхий харьяаллын шүүх, өмнөх тусгай шүүх, захиргааны шүүхийн шийдвэр өөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон;
7. Талууд:
а. Өмнө нь ижил хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр олсон, эсхүл өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх байдал бий болгосон
б. Өөрийн ашиг сонирхолд илүү нийцсэн шийдвэр гаргахад хүргэх өөр мэдүүлэг, баримт бичиг олсон, эсхүл өөртөө ашигтай байдал бий болгосон
8. Европын Хүний эрхийн шүүхээс Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай конвенц /Хүний эрхийн тухай Европын конвенц/ болон түүний протоколыг зөрчсөн гэж тогтоосон бөгөөд уг зөрчлийг үндэслэн шийдвэр гаргасан”.
|
БНСУ-ын хувьд:
БНСУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Шүүхийн зохион байгуулалтын тухай хууль, Иргэний процессын хууль болон Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг нөхөн тохируулж хэрэглэнэ”.
31 дүгээр зүйлд “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гуравдагч этгээд, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан бол тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоног, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хойш 1 жилийн дотор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлтийг гаргах эрхтэй” хэмээн заасан байдаг. [17]
Шигтгээ 3. БНСУ-ын Иргэний процессын хуулийн 451 дүгээр зүйл:
Иргэний процессын хуулийн 451 дүгээр зүйл.
Шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй этгээд дараах үндэслэлээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах эрхтэй. Үүнд:
1.Хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн;
2.Хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэсэн;
3.Эрхийн зөрчилтэй төлөөлөгч, өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан;
4.Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч тухайн хэргийг хянан шийдвэрлэх хүрээнд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон; · 5.Өөр этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхүйц үйлдлийн улмаас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
6.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч болох нь тогтоогдсон;
7.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг худал, хэлмэрч буруу хэлмэрчилсэн болох нь тогтоогдсон;
8.Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон эрүү, иргэн болон захиргааны шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас өөрчлөгдөж, хүчингүй болсон; ·
9.Шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц чухал үйл баримтыг тогтоолгүй орхигдуулсан;
10.Тухайн шүүхийн шийдвэр нь өмнө гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй зөрчилдөж байгаа бол;
11.Маргагч талын аль нэг нь нөгөө талын оршин суугаа газрын хаягийг мэдсэн атлаа энэ тухайгаа шүүхэд худал мэдүүлж нэхэмжлэл гаргасан”
|
ЗХШХШтХ-ийн 131-134 дүгээр зүйлийн практик хэрэглээ ба асуудал
Энэхүү өгүүллийн хүрээнд, ЗХШХШтХ-ийг дагаж мөрдөж эхэлсэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ЗХШХШтХ-ийн 131 дүгээр зүйлд заасан хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байдлыг тухайлан авч үзсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх:
Он
|
Нийт хүлээн авсан хүсэлт
|
Хангасан
|
Татгалзсан
|
2023
|
23
|
2
|
21
|
2022
|
18
|
2
|
16
|
2021
|
6
|
2
|
4
|
2020
|
3
|
1
|
2
|
2019
|
1
|
0
|
1
|
2018
|
7
|
0
|
7
|
2017
|
6
|
0
|
6
|
Нийт
|
64
|
7
|
57
|
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх:
Он
|
Нийт хүлээн авсан хүсэлт
|
Хангасан
|
Татгалзсан
|
2023
|
6
|
2
|
4
|
2022
|
7
|
2
|
5
|
2021
|
16
|
6
|
10
|
2020
|
12
|
2
|
10
|
2019
|
11
|
4
|
7
|
2018
|
7
|
1
|
6
|
2017
|
14
|
4
|
10
|
Нийт
|
73
|
21
|
52
|
Дээрх мэдээллээс харахад, дурдсан хугацаанд хоёр шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай нийт 137 хүсэлт хүлээн авснаас 28 хүсэлтийг хангаж, 109 хүсэлтийг хангахаас татгалзсан агуулгаар шийдвэрлэсэн гэж харагдана. Гэвч тухайн хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол нэг бүрийг тухайлан үзвэл анхаарал татсан асуудал цөөнгүй гарч байгааг хуулийн холбогдох зохицуулалт, процессын эрх зүйн үүднээс авч үзвэл:
- ЗХШХШтХ-ийн 132 дугаар зүйлийн 132.1-т –“...хүсэлтийг хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана” хэмээн заасан.
ЗХШХШтХ-ийн 131 дүгээр зүйлд заасан хүсэлтийг шийдвэрлэсэн хоёр шүүхийн тогтоолоос харахад дурдсан хугацаанд шүүхүүд шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноос хойш багадаа 2 сар, ихдээ 7 жилийн дараа хэргийн оролцогч болон гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан гэж үзсэн этгээдээс гаргасан хүсэлтээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагааг явуулсан.
Ингэхдээ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тогтоолд хүсэлт гаргагч хуульд заасан “хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” хүсэлтийг гаргасан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй шууд хуулийн 131.1-д заасан дөрвөн үндэслэлийн аль нэг нь байна гэж дүгнэх нь нийтлэг байна.
Тус улсын хувьд ХБНГУ[18], БНСУ[19] зэрэг улс орнууд шиг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин явуулах хүсэлт гаргах боломжит хугацааны хязгаарлалтын талаарх зохицуулалт хууль тогтоомжид байхгүй. Үүнтэй холбоотойгоор “7” жилийн дараа ч энэхүү “эрх зүйн онцгой хэрэгсэл”-ийг ашиглах боломжтой.
Шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх үр дагавар үүсгэдэг болохыг харгалзан үзсэн ч, эрх зүйн тодорхой байдлын зарчмын үүднээс ч тэр хүсэлтийг шийдвэрлэж буй шүүх хүсэлт гаргагч хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргасан эсэх асуудлыг тогтоолдоо дүгнэлгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж буй нь тухайн хэргийн бусад оролцогчдын дунд тодорхойгүй байдлыг үүсгэн, хардлага дагуулах нэг үндэслэл болж байна.
- ЗХШХШтХ-ийн 133 дугаар зүйлийн 133.1-т “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан.
Үүнтэй холбоотойгоор хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан, эсхүл өмнө нь шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болон 131 дүгээр зүйлд нэрлэн заасан 4 үндэслэлийн алинд ч хамаарахгүй асуудлаар гаргасан “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах” гэсэн нэртэй хүсэлтийг шүүх заавал шүүх хуралдаанаар, бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шийдвэрлэж байна.
Энэ нь шүүхэд тухайн хэргийн бүх оролцогчдод хүсэлтийг танилцуулах, хурлын товыг мэдэгдэх, хуралдаанд оролцож тайлбар хэлэх эрхийг нь хангах зэрэг үлэмж хугацаа шаардсан процесс ажиллагааг хийж цаг хугацаа, хөрөнгө үргүй зарцуулахад хүргэж байгаа бол “заргаа авсан” этгээдийн хувьд мөн л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ эсхүл хэсэгчлэн түдгэлзэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.
- ЗХШХШтХ-ийн 132 дугаар зүйлийн 132.4-т “Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсаргана” хэмээн заасан.
Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179-182 дугаар зүйлд заасан журмыг баримтална” хэмээн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-т “Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсаргана” хэмээн адил агуулгатай зохицуулалт үйлчилж байсан. Хуулийн эдгээр заалтыг практикт нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн 2007 оны “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” зөвлөмжийн 2.2 дах хэсгийн “Ж”-д
“Хүсэлтийг заавал бичгийн хэлбэрээр гаргах ба түүндээ шинээр илэрсэн нөхцөл байдлыг нотлох баримтын эхийг эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байвал зохино”[20] хэмээн тайлбарлаж байсан.
Өөрөөр хэлбэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргагч этгээд өөрөө хүсэлтийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тухайн нотлох баримт нь эх хувиар эсхүл хуулийн шаардлага хангасан байх[21] ёстой байсан.
Гэвч өнөөгийн байдалд шүүхүүд /магадгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор/ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд хэргийн оролцогчдын хуулийн шаардлага хангаагүй баримтыг хүлээн авах, хэргийн оролцогчдын болон өөрийн санаачилгаар нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийхийн зэрэгцээ нотлох баримт цуглуулах, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр хүсэлт хэлэлцэх хуралдааныг удаа дараа хойшлуулах тохиолдол түгээмэл байна.
- ЗХШХШтХ-ийн 133 дугаар зүйлийн 133.3-т “Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй нь хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй”, 133.5-д “Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана”, 133.6-д “Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан.
Өмнө бид, “нийт 137 хүсэлтээс ...109 хүсэлтийг хангахаас татгалзсан агуулгаар шийдвэрлэсэн” гэж дурдсаныг нэхэн санавал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019, 2021 оны нийт 2 тогтоол хүсэлт гаргагчийн хүсэлтийг “буцаасан”. 2017-2023 оны нийт 5 тогтоол хүсэлт гаргагчийн хүсэлтийг “хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 тогтоол “хүсэлтийг хүлээн авч, хянахаас татгалзах” буюу хуульд заасан “хангах” эсхүл “хангахаас татгалзах” гэснээс өөр томьёолол бүхий шүүхийн тогтоол гаргасныг үр дагавраар нь “татгалзсан” гэх үзүүлэлтэд хамаатуулж авч үзсэн болно.
Үүнээс гадна хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тогтоолын тогтоох хэсэгт “...хүсэлтийг хангасугай” хэмээн заасан ч “шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох” асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Үүнээс үүдэн хэргийн оролцогчид тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд дахин хандах асуудал цөөнгүй гарчээ.
- ЗХШХШтХ-ийн 133 дугаар зүйлийн 133.4-т “Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн заасан.
Энэ нь шүүх эл төрлийн хүсэлтийг шийдвэрлэхдээ:
а/ хүсэлтийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн этгээд
хуульд заасан хугацааны дотор гаргасан эсэх,
б/ хүсэлтэд дурдсан үндэслэл, нотлох баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдал /хуулийн 131.1-т заасан 4 үндэслэл/ мөн эсэх,
в/ уг нөхцөл байдал нь тухайн хянагдаж буй шийдвэрийг гаргахад “шийдвэрлэх нөлөө” үзүүлсэн эсэх,
г/ тухайн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны “ноцтой” үндэслэл байгаа эсэх асуудлыг заавал хянан үзэж, хүсэлтийг хангах
эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой.
Өөрөөр хэлбэл шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ хуульд заасан формаль болон материаллаг шаардлагыг тухайн хүсэлт нь хангаж буй эсэх асуудлыг нэг бүрчлэн шалгаж[22] энэ талаарх дүгнэлтээ хүсэлт шийдвэрлэсэн тогтоолд тодорхой байдлаар тусгаснаар сая шүүхийн тогтоол үндэслэл бүхий байх, хэргийн оролцогчдод хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангах боломжтой.
Бидний үзсэн шүүхийн тогтоолуудад “Хүсэлтийг хангасан” тохиолдолд
131.1.1 – “шүүх шийдвэр гаргахдаа … дүгээр тогтоолыг тус тус судлаагүй, хэрэгт хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар цуглуулаагүй, үүгээрээ шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан, шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлж болохуйц баримт байсан байна …”,
131.1.4 - “… гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан бөгөөд ийнхүү оролцуулаагүй нь ЗХШХШтХ-ийг зөрчиж байна“ гэх,
“Хүсэлтийг хангахаас татгалзсан” тохиолдолд
“ЗХШХШтХ-ийн 131 дүгээр зүйлийн 131.1./1-4/-т заасан шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл тогтоогдохгүй байх тул” зэрэг “хэт” ерөнхий дүгнэлтийг хийх нь нийтлэг байна. Үүнээс үүдэн хүсэлт гаргагч болон хэргийн бусад оролцогчдын дунд шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаж байгаа эсэх эргэлзээ үүсэж, дахин хүсэлт гаргах, хүсэлт шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гомдол гаргах зэрэг явдал цөөнгүй гарчээ.
- ЗХШХШтХ-ийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг ... шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” хэмээн заасан.
Хуулийн дээрх заалт нь бидний өмнө товч авч үзсэн ХБНГУ[23], БНСУ[24]-ын болон энд тухайлан авч үзээгүй ч судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашигласан ОХУ[25] зэрэг улсын иргэний болон захиргааны процессын хууль тогтоомж болон ном зохиолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн /decision on the merits/ шүүхийн шийдвэрт холбогдуулан гаргахтай ижил агуулгатай гэж ойлгогдож байна.
Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШТ2021/0740 дүгээр тогтоолд хууль тогтоогчоос тухайлан “анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол” хэмээн хуульчлан заасныг үл харгалзан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдалд хамааруулан үзэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдол гарсан.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2022 онд хийсэн “Захиргааны хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянан үзэх зохицуулалтын онол, практикийн зарим асуудал”[26] нэрт судалгааны тайланд:
“...НДЗХАШШ-ийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг ЗХДЗШШ хангаагүй бөгөөд гагцхүү захирамжийн хэм хэмжээний заалтыг өөрчилж шийдвэрлэсэн нь тухайн асуудлын хувьд эцсийн шийдвэр болно. Ингэхээр хуулийн зохицуулалтын хувьд нэгдүгээрт тухайн асуудлыг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр гэдэг утгаар, хоёрдугаарт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хамаарах үндэслэлтэй утгаар тус тохиолдлыг ЗХШХШтХ-ийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан “хуулийн хүчин төгөлдөр шийдвэр”-т хамааруулах үндэслэлтэй”, “...энэ тохиолдолд res judicata зарчмаас илүүтэй шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах нь илүү “ач холбогдолтой” гэж дүгнэж болох юм” гэсэн нь эрх зүйн тодорхой байдлын зарчмын үүднээс ч тэр, res judicata зарчмын агуулгыг харгалзсан ч тэр хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна
- ЗХШХШтХ-ийн 134 дүгээр зүйлийн 134.1-т “Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ“ хэмээн заасан.
Гэвч хуулийн энэхүү заалтын хүрээнд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлд 132.5-т “Гүйцэтгэгдсэн /захиргааны хэргийн/ шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ”, 119.2-т “Гүйцэтгэх баримт бичиг нь хүчингүй болсонд тооцогдсоны улмаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны зардлыг улсын төсвөөс гаргана” хэмээх зохицуулалтыг захиргааны хэргийн тухайд ямар байдлаар хэрэглэгдэх нь тодорхойгүй байгаагаас хоёр шүүхийн хувьд дурдсан хугацаанд эл асуудлаар гаргасан тогтоол, захирамж байхгүй байна.
Айсуй цагийн өнгө
Ийнхүү бид ЗХШХШтХ-ийн 131-134 дүгээр зүйлийнхээ зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэж чадаагүй байхад улсын эрх зүйн тогтолцоо тэр дундаа процессын эрх зүйн салбарт ойрын ирээдүйд нэгэн чухал шинэчлэл хийгдэх магадлалтай байна.
Энэ нь мэдээж Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой бөгөөд хоёр хуулийн төсөл одоогийн үзэл баримтлалаасаа нэг их гажихгүй батлагдах тохиолдолд тухайлан захиргааны процесс дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт болон шүүхийн практикт нэлээдгүй өөрчлөлт орох төлөвтэй байна.
Тодруулбал, Үндсэн хуулийн процесст Үндсэн хуулийн шүүхийн эцсийн шийдвэрийг: хамрах хүрээгээр нь: inter partes (талуудын хооронд) болон erga omnes (хүн бүрд), хамаарагдах цаг хугацаагаар нь: ex tunc (анхнаасаа) болон ex nunc (шийдвэр гарсан мөчөөс эхлэн) эрх зүйн үйлчлэлтэй [27]хэмээн ангилан үздэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай[28] болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай[29] хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
- “Иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа ...шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд хандан өргөдөл гаргах эрхтэй”.
Цэц тухайн иргэний өргөдөл буюу “үндсэн эрхийн маргаан”-г хянан үзэж “үндэслэлтэй” гэж дүгнэвэл тухайн асуудлыг үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх” ба “Цэцийн шийдвэрийг нийт байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй” буюу “... шүүх ... бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн дүгнэлтийн дагуу тухайн асуудлыг үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй“ хэмээн,
- Мөн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрт “Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад шийдвэр, түүний холбогдох зүйл, заалт хүчингүй болох хугацааг тухайлан заах” хэмээн туссан байна.
Хуулийн төслүүд дээрх агуулгаараа батлагдан, хүчин төгөлдөр болох тохиолдолд үүсэж болох асуудлыг нэгэн хийсвэр жишээ дээр авч үзвэл:
Хэрэв Үндсэн хуулийн цэц
- тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн үндэс болгосон хуулийн зүйл, заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн тогтоосон,
- эсхүл шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, иргэний үндсэн эрхийг зөрчсөн болохыг тогтоосон
- Ингэхдээ тухайн шийдвэрээ “ex tunc” үйлчлэлтэй байхаар тогтоосон гэж үзвэл
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн 51 дүгээр зүйлийн 51.6-д “... Цэцийн шийдвэр гарсан бол уг эрхийг нь сэргээх үндэслэл болох бөгөөд үндсэн эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтан шийдвэр, бусад актаа Цэцийн шийдвэрийн дагуу үндсэн эрхэд нийцүүлэх үүрэгтэй” хэмээн тухайлан заасан үүргийг аль шатны шүүх, ямар журмаар хэрэгжүүлэх ёстой болох вэ? гэх мэтийн “сонирхолтой” олон асуудлууд үүсэж болзошгүй байх тул тухайн асуудлуудыг урьдаас оновчтой тодорхойлж, бэлтгэлтэй байх шаардлага бидэнд тулгарч байна.
Дүгнэлтийн оронд
Өгүүллийн энэ хэсэгт бид ийм, тийм гэсэн дүгнэлт хийхээс илүүтэй “БИ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянах” хэмээх эрх зүйн “онцгой” хэрэгслийн агуулга, мөн чанар болон эрх зүйн үр дагаврыг онол болон практикийн үүднээс бүрэн гүйцэд ойлгож, хэрэглэж чадаж байна уу?! гэх асуултыг шүүгч бид өөртөө тавих цаг болжээ гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна.
Учир нь, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах хуульд нэрлэн заасан 4 үндэслэлийн нэг болох “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн” гэх нөхцөл нь “шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” эсхүл “нотлох баримтыг судлаагүй” болон “нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх шүүхийн процессын алдаатай огт хамааралгүй болохыг Улсын дээд шүүхийн зөвлөмж[30], процессын эрх зүйн ном зохиолд [31] удаа дараа тодорхой тайлбарлаж, бичсэн.
Гэвч бидний авч үзсэн хоёр шүүхийн тогтоолуудад “шүүх шийдвэр гаргахдаа … дүгээр тогтоолыг ... судлаагүй”, “...нотлох баримт хэрэгт хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар авагдаагүй” зэрэг шүүхийн процесс алдааг “шүүхийн шийдвэр гарах үед... мэдэгдээгүй/мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт” гэх ойлголтод хамаатуулан хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол цөөнгүй байна.
Мөн үүгээр зогсохгүй хууль тогтоогчоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд “анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол”[32]-ыг л хуульд нэрлэн заасан 4 үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно хэмээн тухайлан заасан байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээр дурдсан тогтоол болон Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судалгааны тайланд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэх шинжийг агуулдаггүй шүүгчийн захирамж, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж хүчингүй болгосон хийгээд ийнхүү хянах явдлыг “боломжтой” хэмээн зөвтгөх явдал гарч байгаа нь бид энэхүү процессын эрх зүйн онцгой хэрэгслийн мөн чанарыг бүрэн ойлгож чадаж байна уу гэж асуухад эрхгүй хүргэж байна.
Иймд дээр дурдсан болон бусад асуудлыг цогц байдлаар судлан үзэж, шүүгчийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх болон давтан сургалтын хүрээнд хуулийн нэгдмэл хэрэглээг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж дүгнэж байна.
НОМ ЗҮЙ
А. Монгол эх сурвалж
- Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй. Улаанбаатар, 2019.
- Б.Буянхишиг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй. Улаанбаатар,2021.
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар. Улаанбаатар, 2009.
- Э.Мөнхдаваа, “Шинээр илэрсэн нөхцөлөөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг
дахин хянах үндэслэл”. Legaldata.mn (2022).
- Г.Мөнхтулга, Г.Мөнхсайхан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа:
БНСУ”, Улаанбаатар 2024.
- Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Захиргааны хэргийн шүүхэд шинээр
илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянан үзэх зохицуулалтын онол, практикийн зарим асуудал” Legaldata.mn (2022).
- Процессын эрх зүй: онол, туршлага Улаанбаатар, 2013.
- А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй. Улаанбаатар, 2006.
Б.Эрх зүйн сурвалж
- Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15 өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” зөвлөмж https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231250921371
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ( 1992) https://d.parliament.mn/tusul/758f004b-7fd4-46ea-bf7c-8c73ff8023c4
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2024) https://d.parliament.mn/tusul/b55d4471-6058-4e75-9a10-4ca3d5a78895
- ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хууль (2019) Code of Administrative Court Procedure (gesetze-im-internet.de)
- ХБНГУ-ын Иргэний процессын тухай хууль (2013) https://www.gesetze-im-internet.de/englisch_zpo/englisch_zpo.html
- БНСУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002) https://www.law.go.kr/lsInfoP.do?lsiSeq=617#0000
- Европын хүний эрхийн холбооны тогтоол (2006) https://europeancourt.ru/resheniya-evropejskogo-suda-narusskom-yazyke/nelyubin-protiv-rossii-postanovlenie-evropejskogo-suda/
В.Гадаад эх сурвалж
- Aaron X. F, Maurice.H, Guide to Latin in International Law, (2011).
- Bin Cheng, General Principles of Law as Applied in International Courts and Tribunals.1953, repr. (2006).
- Backes, Chr., Eliantonio, Mariolina. Cases, Materials and Text on Judicial Review of Administrative Action. Great Britain, Bloomsbury Publishing Plc,( 2020).
- Merriam-Webster's dictionary of Law. Merriam-Webster, Incorporated, Springfield, Massachusetts, (2016).
- Overview of the exchange of views held at the 8th meeting of DH-GDR on the provision in the domestic legal order for the re-examination or reopening of cases following judgments of the Court. https://rm.coe.int/1680654d5a
- Pünder, Hermann, and Christian Waldhoff, editors. Debates in German Public Law. Portland, Oregon : Hart Publishing, (2014).
- Административное судопроизводство: Учебник для студентов высших учебных заведений по направлению «Юриспруденция» (специалист, бакалавр, магистр) / Под ред. В.В. Яркова, (2021).
- Зеленцов А.Б., Ястребов О.А, Судебное административное право: Учебник для студентов вузов ,(2017).
- Петручак Р. К. Производство по пересмотру вступивших в законную силу судебных актов по вновь открывшимся или новым обстоятельствам в гражданском судопроизводстве, (2017).
- Терехова Л. А. Новые и вновь открывшиеся обстоятельства в гражданском и административном судопроизводстве, (2017).
Г.Цахим эх сурвалж:
1.https://legaldata.mn/
2.https://europeancourt.ru/resheniya-evropejskogo-suda-na-russkom-yazyke/nelyubin-protiv-rossii-postanovlenie-evropejskogo-suda/
- http://192.168.100.11/cgi-bin/koha/opac-library.pl
- https://legalinfo.mn/mn/detail?lawId=365
- https://www.parliament.mn/
[1] А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй. 2006, 2014, 2022 оны хэвлэлт.
[2] Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй. 2019, 2023 оны хэвлэлт.
[3] Процессийн эрх зүй: онол, туршлага. 2013.
[4] Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Захиргааны хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянан үзэх зохицуулалтын онол, практикийн зарим асуудал” 2022. https://legaldata.mn/b/1384.
[5] Э.Мөнхдаваа, “Шинээр илэрсэн нөхцөлөөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл”. 2022. https://legaldata.mn/b/1338.
[6] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 110 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох
110.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:
110.1.1.энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;
110.1.2.давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан;
110.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 127.2.1-127.2.3-т заасан тогтоол гаргасан.
110.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. https://legalinfo.mn/mn/detail/11703
[7] Зеленцов А.Б., Ястребов О.А, Судебное административное право: Учебник для студентов вузов, Москва: Статут, 2017. 574 дэх тал.
[8] Bin Cheng, General Principles of Law as Applied in International Courts and Tribunals.1953, repr. 2006, 336 дахь тал.
[9] Overview of the exchange of views held at the 8th meeting of DH-GDR on the provision in the domestic legal order for the re-examination or reopening of cases following judgments of the Court. https://rm.coe.int/1680654d5a
[10] Backes, Chr., Eliantonio, Mariolina. Cases, Materials and Text on Judicial Review of Administrative Action. Great Britain, Bloomsbury Publishing Plc, 2020.620 дахь тал.
[11] Merriam-Webster's dictionary of Law. Merriam-Webster, Incorporated, Springfield, Massachusetts, 2016, 425 дахь тал
[12] Aaron X. F, Maurice.H, Guide to Latin in International Law, 2011. 252 дахь тал.
[13] Нелюбин против России (Nelyubin v. Russia): Постановление Европейского Суда по правам человека от 02 ноября 2006 года (жалоба N 14502/04) https://europeancourt.ru/resheniya-evropejskogo-suda-na-russkom-yazyke/nelyubin-protiv-rossii-postanovlenie-evropejskogo-suda/
[14] Б.Буянхишиг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй. 2021. 180 дахь тал.
[15] https://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/englisch_vwgo.html,
[16] ttps://www.gesetze-im-internet.de/englisch_zpo/englisch_zpo.html
[17] Дэлгэрэнгүйг Г.Мөнхтулга, Г.Мөнхсайхан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Бүгд Найрамдах Солонгос Улс. 2024,74-75 дахь тал үз.
[18] ХБНГУ-ын Иргэний процессын хуулийн 586 дугаар зүйлийн 2-т “... Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 жил өнгөрсөн бол хүсэлт гаргах боломжгүй” https://www.gesetze-im-internet.de/englisch_zpo/englisch_zpo.html
[19] БНСУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлт /гуравдагч этгээдийн хянуулах хүсэлт/-ийг шүүхийн шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоног, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор гаргана”, Иргэний процессын хуулийн 456 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 жил өнгөрсөн бол шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргахгүй” дэлгэрэнгүйг Supra 17, 74-75 дахь тал үз.
[20] Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231250921371
[21] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар. 2009, 290 дэх тал
[22] Терехова Л. А. Новые и вновь открывшиеся обстоятельства в гражданском и административном судопроизводстве. Москва: Проспект, 2017. 57 дахь тал, Петручак Р. К. Производство по пересмотру вступивших в законную силу судебных актов по вновь открывшимся или новым обстоятельствам в гражданском судопроизводстве. Москва: Проспект, 2017, 127 дахь тал.
[23] Supra 10, 634 дэх тал, Pünder, Hermann, and Christian Waldhoff, editors. Debates in German Public Law. Portland, Oregon: Hart Publishing, 2014. 212 дахь тал.
[24] Supra 17, 74 дэх тал.
[25] Supra 7, 574 дэх тал, Административное судопроизводство: Учебник для студентов высших учебных заведений по направлению «Юриспруденция» (специалист, бакалавр, магистр) / Под ред. В.В. Яркова. М.: Статут, 2021. 616 дахь тал,
[26] Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Захиргааны хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянан үзэх зохицуулалтын онол, практикийн зарим асуудал” 2022. https://legaldata.mn/b/1384
[27] Armin B, Jürgen. B, (eds). Principles of European Constitutional Law. Oxford: Hart Publishing, 2nd ed, 2009, 365 дахь тал
[28] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай https://d.parliament.mn/tusul/758f004b-7fd4-46ea-bf7c-8c73ff8023c4
[29] Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл https://d.parliament.mn/tusul/b55d4471-6058-4e75-9a10-4ca3d5a78895
[30] “Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед тухайн нотлох баримтын талаар зохигч мэдэж байсан буюу мэдэх бололцоотой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, түүнийг бүрдүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргах эрх болон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нөхөн гаргасан тохиолдолд шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхгүй” Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231250921371
[31] “...хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчид мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан боловч түүнийг бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй атлаа шүүх зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн зэрэг үндэслэлээр хүсэлт гаргах нь энэхүү шинэ нөхцөлд хамаарахгүй” Г.Банзрагч. Захиргааны процессын эрх зүй. 2019, 363 тал, А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй. 2022, 363 дахь тал,
[32] “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж болох "хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр" гэдэгт сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэр, аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг хамааруулан ойлгоно. Мөн шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хамаарна...” Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231250921371