Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг цувралаар хүргэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг тухайлан хуульчлах шаардлага
I.Оршил
- Шүүх хуралдааныг амаар явуулах зарчмын агуулга, хууль зүйн учир холбогдол
IIl. Амаар явуулах зарчим ба аман шүүх хуралдаан хийхгүй байх тохиолдол: Гадаад орны туршлага
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлах шаардлага
- Дүгнэлт
- Санал
VII. Ном зүй
- I. Оршил хэсэг
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар эрх зүйт төрийн стандарт руу, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үзэл баримтлал руу эргэлт буцалтгүй шилжсэн билээ.
Энэ үзэл санааны хүрээнд, үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлж буй олон хуулийг шинэчлэх, шинээр боловсруулж батлах шаардлага гарсны дотор Үндсэн хуулиар бэхэжсэн үндсэн эрхийг бодит амьдрал дээр хэрэгжих баталгаа болоход гол түлхэц үзүүлдэг захиргааны эрх зүйн салбарын хуулиуд, түүн дотроо Захиргааны ерөнхий хууль, захиргааны эрх зүйн тусгай ангийн салбарын хуулиуд, захиргааны хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинээр тогтоох зайлшгүй шаардлага үүссэн.
Энэ сорилтыг манай улс хууль зүйн шинжлэх ухааны үндэсний мэргэжилтнүүдийн чадамжийг ашиглан гадаадын олон мэргэжилтний үнэтэй санал, зөвлөмжид тулгуурлан харьцангуй амжилттай даван туулж, 2015 онд Захиргааны ерөнхий хуулийн анхдагч төслийг, 2016 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ...” гэж заасан “уул эрх” буюу субьектив эрхийн хамгаалалтын механизмыг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль алинд үндсэн чиг шугам болгож хуульчилж өгсөн билээ.
Энэхүү субьектив эрхийн хамгаалалтын механизм, цаашлаад обьектив эрхийн хамгаалалтын механизм үр нөлөөтэй ажиллахад захиргааны процессын эрх зүйн зарчмуудыг хуульдаа бүрэн дүүрэн бичих, тухайн зарчим хэрэгжих, хэрэглэгдэх суурь нөхцөлүүдийг хуулийн хэм хэмжээнүүдэд суулгаж өгөх нь маш чухал асуудал байдаг.
Энэ хүрээнд захиргааны процессын эрх зүйн олон чухал зарчим манай хуульд бэхэжсэн боловч нэг суурь зарчим одоог хүртэл бие даасан байдлаар ороогүй байгааг зохиогч энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээрээ хөндөж, тодорхой саналыг дэвшүүлэхийг зорьсон болно.
Энэ нь “шүүх хуралдааныг амаар явуулах зарчим” юм.
Энэхүү өгүүллийн хүрээнд тус зарчмын үндсэн агуулга, хууль зүйн учир холбогдлын талаар авч үзэх бөгөөд бидний хувьд нэлээн ач холбогдол өгч үлгэрлэдэг зарим орнуудын зохицуулалт, туршлагатай хослуулан судалсан үр дүнг товч байдлаар та бүхэнд толилуулна.
Өгүүллийн эцэст зохиогчоос хуулийг боловсронгуй болгоход дэмжлэг болох байх хэмээн найдаж тодорхой санал дэвшүүлсэн болно.
- II. Шүүх хуралдааныг амаар явуулах зарчмын агуулга, хууль зүйн учир холбогдол
Манай улсын процессын эрх зүйд төдийлөн танил биш, өөрөөр хэлбэл, эрх зүйн зохицуулалтын түвшинд болоод академик судалгааны ертөнцөд дорвитой судлагдаж байгаагүй процессын эрх зүйн зарчим бол “шүүх хуралдааныг амаар явуулах зарчим” юм.
Германаар “Grundsatz der Mündlichkeit” гэх энэхүү зарчим нь түүхэн талаасаа “шүүх хуралдааныг бичгээр явуулах зарчим”-ын дараа хөгжсөн.
Пруссын эзэнт гүрний үеийн процессын эрх зүйд “Шүүх хуралдааныг бичгээр явуулах зарчим” ноёлж байсан бөгөөд энэ нь Ромын эрх зүйн quod non legitur, non creditur эсхүл quod non est in actis, non est in mundo буюу “уншигдаагүй бол итгэл төрүүлэхгүй / бичгийн баримтад байхгүй бол оршин байхгүй” гэх утга бүхий зарчмаас үүдэлтэй байжээ.
Өөрөөр хэлбэл, Пруссын эзэнт гүрний үед амаар шүүх хуралдаан явуулах асуудалд төдийлөн анхаарал тавьдаггүй, харин бичгийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүхийн шийдвэр гаргах явдлыг чухалчилдаг байсан байна.
Харин 1806 оны Наполеоны Code de procédure civile буюу Иргэний процессын кодексын нөлөөгөөр Пруссын эзэнт улсад 1879 онд батлагдсан “Эзэнт гүрний шүүхийн тухай хууль”-д талууд шүүхийн өмнө амаар тайлбар, мэдүүлгээ илтгэх байдлаар оролцох зохицуулалтыг хийж өгснөөр шүүх хуралдааныг амаар явуулах зарчим анх зохицуулагдсан бөгөөд үүнээс хойш энэ зарчмын туйлшрал хүчтэй болжээ.
Харин 1924 онд Ваймарын Бүгд найрамдах улсын Хууль зүйн сайд Эрих Эммингерийн санаачилсан Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд бичгээр тайлбар, мэдүүлэг өгөх зохицуулалтыг дахин нэмж өгснөөр, шүүх хуралдааныг амаар болон бичгээр явуулах зарчим аль аль нь зохистой хуульчлагдсан түүхтэй байна.
Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим гэдэг нь шүүхийн үйл ажиллагаанд хэргийн оролцогчид өөрсдөө оролцох байдлаар амаар явагдах бөгөөд шүүхийн шийдвэр нь зөвхөн амаар хэлэлцэгдсэн нөхцөл байдал, нотлох баримтад үндэслэгдэх тухай ойлголт юм.[2]
Энэ талаар хууль зүйн доктор Г.Банзрагч өөрийн бүтээлдээ “... Эрх зүйн маргааныг аль болох амаар шийдвэрлэхийн учир холбогдол нь ойлгомжгүй нөхцөл байдал болон нэхэмжлэлийг тодруулах, хангалтгүй тайлбар, мэдүүлгийг гүйцээх, хэлбэрийн алдааг арилгах, түүнчлэн шийдвэр гаргахад хэргийн нөхцөл байдлын талаарх шаардлагатай бүх тайлбаруудыг авах зэрэгт оршино ...”[3] гэжээ.
Европын хүний эрхийн конвенцын 6 дугаар зүйлийн 1-д “Хүн бүр иргэний эрх, үүрэгтэй холбоотой аливаа маргаан, өөрт холбоотой эрүүгийн хэргийг хуулиар байгуулагдсан хараат бус, шударга шүүхээр шударгаар, олон нийтэд нээлттэй, зохих хугацааны дотор шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасны “шударгаар шийдвэрлүүлэх” агуулгад шүүх хуралдааныг амаар явуулах зарчим хамаарна.
Харин үүнийг ХБНГУ-ын Үндсэн хуулийн 103 дугаар зүйлийн 1-д “Хэн бүхэн шүүхийн өмнө өөрийгөө сонсохыг шаардах эрхтэй” буюу “зүй ёсны сонсгох эрх”-ийн хүрээнд хамгаалдаг гэж үздэг.[4]
Гэхдээ энэ хүрээнд нэг ялгааг анхаарах ёстой бөгөөд тэр нь зүй ёсны сонсгох эрх нь үндсэн эрхийн адил хамгаалагдсан эрх бол шүүх хуралдааныг амаар явуулах зарчим нь үндсэн эрх биш юм. Учир нь, бичгээр гаргасан тайлбар, бичмэл нотлох баримтыг үнэлээд аман хуралдаан хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгааг зүй ёсны сонсгох эрхийг зөрчиж байгаа явдал гэж үзэх боломжгүй.
Тийм учраас ХБНГУ-д шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг Үндсэн хуулийн зарчим бус, харин процессын эрх зүйн нэгэн чухал зарчим гэж тайлбарладаг.
Энэ талаар ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн олон тооны шийдвэрүүдээс, тухайлбал, BverfGE 5, 9, BverfGE 60, 175, BverfGE 57, 272 зэрэг шийдвэрүүдийг нэрлэх боломжтой.
ХБНГУ-ын эрүүгийн процессын хувьд Эрүүгийн процессын хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуралдаанаас гарсан шүүхийн шийдвэрийг оролцогч талуудыг сонссоны дараа гаргана”, иргэний процессын хувьд Иргэний процессын хуулийн 128 дугаар зүйлийн 1-д “Талууд эрх зүйн маргааныг шүүхийн өмнө амаар хэлэлцэнэ”, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх процессын хувьд Хөдөлмөрийн шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн шийдвэр гаргахад Иргэний процессын хуульд заасан зарчмыг баримтална”, татварын маргаан шийдвэрлэх процессын хувьд Санхүүгийн шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх аман хэлэлцүүлгийн үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ”, нийгмийн хамгаалал, халамжийн эрх зүйн маргаан шийдвэрлэх процессын хувьд Нийгмийн шүүхийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх аман хэлэлцүүлгийн үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулжээ.
Захиргааны эрх зүйн маргааныг шийдвэрлэх процессын тухайд, Захиргааны шүүхийн тухай хуулийн[5] 101 дүгээр зүйлд “Шүүх хуралдааныг амаар хийх зарчим” гэсэн тухайлсан зохицуулалттай бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ.
Тус 101 дүгээр зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх аман хэлэлцүүлгийн үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ. Аман сонсголыг аль болох эрт хийх ёстой.”, 2-т “Оролцогчдын зөвшөөрлөөр шүүх амаар хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэж болно.”, 3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг шийдвэрлэснээс бусад шүүхийн шийдвэрийг амаар хэлэлцэхгүйгээр гаргаж болно” гэж зохицуулжээ.
Харин Австри Улсын 2013 онд шинэчлэгдсэн Захиргааны шүүхийн үйл ажиллагааны тухай хуулийн[6] 24 дүгээр зүйлд шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг бэхжүүлсэн байна.
Тус 24 дүгээр зүйлийн 1-д “Захиргааны хэргийн шүүх хүсэлтээр эсхүл шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар нийтийн аман хуралдаан явуулна” гэж заажээ.
Гэхдээ Германы зохицуулалтаас ялгаатай нь шүүх хуралдааныг амаар явуулах нь зайлшгүй үүргийн шинжтэй биш байна.
Энэ нь “... шүүх хүсэлтээр ...”, “... шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар ...” нийтийн аман хуралдаан явуулна гэж заасан нөхцөлүүдээс харагдана.
III. Амаар явуулах зарчим ба аман шүүх хуралдаан хийхгүй байх тохиолдол: Гадаад орны туршлага
Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим нь эрх зүйт төр, шударгаар шүүлгэх эрхийн нэг цөм бүрдэл болох тухай өмнөх хэсэгт өгүүллээ.
Харин энэ хэсэгт зарим тохиолдолд аман шүүх хуралдаан хийхгүй байх хууль зүйн боломж, тэрхүү үндэслэлийн талаар ХБНГУ болон Австри Улсын холбогдох хуулийн зохицуулалт, туршлага дээр тулгуурлан авч үзнэ.
ХБНГУ-ын тухайд:
Тус улсын 1960 онд батлагдсан Захиргааны шүүхийн тухай хууль нь одоог хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хуульд аман хуралдаан хийхгүй байх талаар 2 зохицуулалт байдаг. Үүнийг тодруулбал:
А) 101 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг амаар хийх зарчим[7]
1/ Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх аман хэлэлцүүлгийн үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ. Аман сонсголыг аль болох эрт хийх ёстой.
2/ Оролцогчдын зөвшөөрлөөр шүүх амаар хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэж болно.
3/ Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг шийдвэрлэснээс бусад шүүхийн шийдвэрийг амаар хэлэлцэхгүйгээр гаргаж болно.
Эдгээр зохицуулалт нь шүүх хуралдааныг амаар хийх болон хийхгүй байж болохтой холбоотой суурь зарчмыг бэхжүүлсэн зохицуулалт юм.
Дээрхээс харахад, шүүх хуралдааныг амаар хийхгүй байх урьдчилсан нөхцөл нь:
- “Оролцогчдын зөвшөөрөл” байна. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдааны хувьд хамаатай байх бөгөөд хэргийн бүх оролцогчид аман шүүх хуралдаан хийхгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн байх ёстой.[8]
- “Хэрэг шийдвэрлэснээс бусад шүүхийн шийдвэр”-ийн хувьд байна. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй, харин процессын явцад гаргах шүүхийн шийдвэрүүд байна /манай жишгээр бол шүүгчийн захирамж, тогтоол/.
Б) 84 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр[9]
1/ Эрх зүйн асуудал нь үйл баримтын болон хууль зүйн үндэслэлийн хувьд ээдрээ төвөггүй, түүнчлэн хэргийн бодит байдал тодорхой байгаа тохиолдолд шүүх амаар хэлэлцэхгүйгээр Gerichtsbescheid-аар шийдвэрлэж болно. Ингэхдээ холбогдох оролцогч нарыг урьдчилан сонсоно. Энэ хэсэгт шүүхийн шийдвэрийн зохицуулалт нэгэн адил хамаарна.
Энэ зохицуулалт нь шүүх хуралдааныг амаар хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх бас нэгэн боломжийг шүүхэд олгожээ.
Гэхдээ энэ зохицуулалтыг хэрэглэхийн тулд дараах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Үүнд:
- Эрх зүйн асуудал нь үйл баримтын болон хууль зүйн үндэслэлийн хувьд ээдрээ төвөггүй байх, эсхүл
- Хэргийн бодит байдал тодорхой байх, түүнчлэн
- Энэ талаар хэргийн оролцогч нарыг урьдчилан сонссон байх /урьдчилсан хэлэлцүүлгээр/.[10]
Австри Улсын тухайд:
Тус улсын 2013 онд шинэчлэгдсэн Захиргааны шүүхийн үйл ажиллагааны тухай хуульд аман хуралдаан хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжийг хуульчилсан байдаг.
24 дүгээр зүйл. Хуралдаан[11]
1/ Захиргааны хэргийн шүүх хүсэлтээр эсхүл шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар нийтийн аман хуралдаан явуулна.
2/ Дараах тохиолдолд аман хуралдаан хийхгүй байж болно:
- Өмнөх захиргааны хэрэгт гаргасан талуудын нэхэмжлэл, гомдлыг хэрэгсэхгүй болгосон, эсхүл тухайн нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий шийдвэр хүчингүй болсон нь хэргийн нөхцөл байдлын үндсэн дээр нэгэнт тогтоогдсон, эсхүл маргаан бүхий захиргааны акт, албадлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлснийг хууль бус гэж тогтоосон;
- Захиргааны байгууллага шийдвэр гаргах үүргээ зөрчсөн /эс үйлдэхүй, үндэслэлгүй татгалзал/-тэй холбоотой гомдлыг татгалзах буюу хэрэгсэхгүй болгосон;
- Эрх зүйн маргаантай асуудлыг Rechtspfleger[12] шийдвэрлэхээр бол.
3/ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эсвэл урьдчилсан хүсэлтдээ аман хуралдаан хийлгэх хүсэлтээ бичнэ. Бусад оролцогчид хоёр долоо хоногоос илүүгүй хугацаанд буюу боломжит хугацаанд аман хуралдаан хийлгэх хүсэлтээ гаргах боломжийг олгох ёстой. Аман хуралдаан явуулах хүсэлтийг зөвхөн бусад талуудын зөвшөөрлөөр татан авч болно.
4/ Холбооны болон муж улсын хуульд өөрөөр заагаагүй бол аман хуралдааны явцад эрх зүйн асуудлыг цаашид тодруулах шаардлагагүй бол талуудын хүсэлтээс үл хамааран шүүх аман хуралдааныг явуулахаас татгалзаж болно. Мөн аман хуралдаан хийхгүй байснаар Европын хүний эрхийн конвенцын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Европын холбооны үндсэн эрхийн хартын 47 дугаар зүйл зөрчигдөхгүй бол аман хуралдаан явуулахгүй байж болно.
5/ Шүүх хуралдааныг явуулахаас (үргэлжлүүлэхээс) өмнө талууд аман хуралдаан хийхээс татгалзсанаа бичгээр илэрхийлсэн тохиолдолд шүүх аман хуралдаан явуулахгүй байж болно. Талууд татгалзлаа аман хуралдаан эхлэх (үргэлжлүүлэх) хүртэл гаргаж болно.
Дээрх зохицуулалтуудаас дүн шинжилгээ хийхэд, Австри Улсын захиргааны хэргийн шүүхийн хувьд шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг шүүх өөрөө удирдан хэрэгжүүлэх боломжтой байх бөгөөд аман шүүх хуралдаан хийхгүй байж болох нөхцөлүүдийг хууль тогтоогчоос нэг бүрчлэн зааж өгчээ.
Ингэхдээ шүүх хуралдааныг амаар хийх нь оролцогчдын урьдчилж өгсөн хүсэлтээс хамаарахаар зохицуулжээ.
Австри Улсын хувьд үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээнүүд нь хэд хэдэн эх сурвалжаас бүрддэг онцлогтой бөгөөд тэдгээрийн нэг нь Европын хүний эрхийн конвенц болон Европын холбооны үндсэн эрхийн харта юм.
Тиймээс шүүх хуралдааныг амаар явуулахгүй тохиолдолд Европын хүний эрхийн конвенцын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Европын холбооны үндсэн эрхийн хартын 47 дугаар зүйл зөрчигдөх эсэхийг шүүх урьдчилан харгалзахаар заасан байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлах шаардлага
Манай улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль анх 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж батлагдаж, 2016 онд шинэчлэн батлагдсан билээ.
Энэ хоёр хуулийн аль алинд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмуудыг хуульчилсан байх боловч энэхүү өгүүллээр хөндөж буй “Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим” сонгодог агуулгаараа /бүрэн дүүрэн/ хуульчлагдаж байгаагүй.
Энэ талаар хууль зүйн доктор Г.Банзрагч өөрийн бүтээлдээ “... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үйл ажиллагаа амаар явагдах талаар хуульд заасан тусгай зүйл, хэсэг байхгүй боловч ЗХШХШтХ дахь шүүх хуралдааныг товлон зарлах болон шүүх хуралдааны нийтлэг журмын талаарх 9 дүгээр бүлгээс уг зарчим нь тодорхой харагдана ...”[13] гэж өгүүлжээ.
Хэдийгээр дээрх дүгнэлттэй энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг зохиогч миний бие санал нэгтэй байгаа боловч энэхүү өгүүллээр “шүүх хуралдааныг амаар явуулах зарчим”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын зарчмуудыг зохицуулсан хэсэгт бие даасан байдлаар тусгаж өгөх шаардлагатай гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.
Үүнд дараах үндэслэлүүд бий. Тодруулбал:
А/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг” -ийн зарчим нь энэхүү өгүүллээр хөндөж буй “шүүх хуралдааныг амаар явуулах зарчим”-ыг шууд илэрхийлэхгүй.
Б/ Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим нь эрх зүйт төрийн шүүх эрх мэдлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгэн суурь зарчим, цөм асуудал.
В/ Мөн бүх тохиолдолд шүүх хуралдааныг амаар явуулна гэх туйлшрал байж болохгүй бөгөөд ямар тохиолдолд шүүх хуралдааныг амаар явуулахгүй байж болох талаарх хүрээ хязгаарыг тогтооход энэ зарчмыг хуульд заавал тусгах шаардлага тавигддаг.
Г/ Шүүгч нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх процесст шүүх хуралдааныг амаар явуулах, эсхүл амаар бус бичгээр явуулах зарчим аль аль нь маш чухал элемент болдог.
Ийм учраас манай улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүх хуралдааныг амаар явуулах зарчим” гэсэн бие даасан зүйлийг нэмж хуульчлах шаардлагатай байна.
Нөгөө талаас шүүх хуралдааныг ямар тохиолдолд амаар явуулахгүй, талуудын гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтууд дээр үндэслэн бичгээр явуулах вэ гэдэг нь процессын хэмнэлттэй байх зарчмаар дэмжигдэх /зөвтгөгдөх/ бөгөөд түүний хэмжээ хязгаарыг тогтооход энэхүү зарчмыг хуульчлах нь өндөр ач холбогдолтой юм.
- Дүгнэлт
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийн хүрээнд зохиогчоос дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
- Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим нь аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан зарчим мөн.
- Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим нь Үндсэн хуулийн зарчим биш, дангаараа үндсэн эрх эсхүл үндсэн эрхтэй адилтгаж болохуйц эрх биш боловч “зүй ёсны сонсгох эрх”-ийн нэг бүрдэл болно.
- Шүүх хуралдааныг амаар явуулах зарчим нь шүүх хуралдааныг бичгээр явуулах буюу аман шүүх хуралдаан хийхгүй байх хүрээ хязгаарыг тодотгож өгдөг хэмжүүр байна.
- Шүүх хуралдааныг амаар явуулах зарчмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлах шаардлагатай.
- Мөн шүүх хуралдааныг амаар явуулахгүй байж болох тохиолдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлах шаардлагатай.
- Санал
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл дээр тулгуурлан зохиогчоос дараах тодорхой саналыг дэвшүүлж байна. Үүнд:
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулах.
А. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дараах зүйл, хэсэг нэмэх:
- 71 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг амаар явуулах
71.1. Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх аман хэлэлцүүлгийн үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ.
71.2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч зөвшөөрсөн тохиолдолд шүүх хуралдааныг амаар явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болно.
- 70 дугаар зүйлийн 70.1.5 дахь заалт:
70.1.5. Шүүх хуралдааныг амаар явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой эсэх асуудал.
Б. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйлд өөрчлөн найруулга хийх:
- 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг:
80.1. Дараах тохиолдлуудаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
80.1.1. энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан тохиолдолд;
80.1.2. маргаан бүхий эрх зүйн асуудал нь үйл баримтын болон хууль хэрэглээний хувьд ээдрээ төвөггүй тохиолдолд;
80.1.3. талууд үйл баримтын хувьд маргаангүй, хууль хэрэглээний хувьд маргаантай тохиолдолд.
VII. Ном зүй
А. Монгол эх сурвалж
- Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, 2 дахь хэвлэлт, 2023.
Б. Гадаад эх сурвалж
- 1. Klaus Weber, Creifelds Rechtswörterbuch, 19. Auflage, Verlag C.H.Beck, München, 2007.
- Helge Sodan, Jan Ziekow, Grundkurs Öffentliches Recht, 10. Auflage, Verlag C.H.Beck, 2023.
- Friedhelm Hufen, Verwaltungsprozessrecht, 7. Auflage, Verlag C.H.Beck, 2008.
- Wolf-Rüdiger Schenke, Verwaltungsprozessrecht, 12. Auflage, Verlag C.F.Müller, 2009.
5 Heinrich Amadeus Wolff, Andreas Decker, VwGO und VwVfG Kommentar, 2. Auflage, Verlag C.H.Beck, 2007.
В. Эрх зүйн эх сурвалж
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2016).
- ХБНГУ-ын Үндсэн хууль (1949).
3.ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хууль (1969).
- Австри Улсын Захиргааны шүүхийн үйл ажиллагааны тухай хууль (2013).
Г.Цахим эх сурвалж
- https://www.gesetze-im-internet.de/vwgo/
- https://www.gesetze-im-internet.de/vwgo/__101.html
- https://www.gesetze-im-internet.de/vwgo/__84.html
4.https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=20008255
[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн,LL.M – University of Vienna
[2] Klaus Weber: Creifelds Rechtswörterbuch, 19. Aufl., C.H.Beck, München, 2007, 797 дахь тал.
[3] Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, 2 дахь хэвлэлт, УБ, 2023, 45 дахь тал.
[4] Wolf-Rüdiger Schenke: Verwaltungsprozessrecht, 12. Aufl., C.F.Müller, 2009, 10 дахь тал
[5] https://www.gesetze-im-internet.de/vwgo/, (Сүүлд үзсэн: 2024.04.30).
[6] https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=20008255, (Сүүлд үзсэн: 2024.04.30).
[7] https://www.gesetze-im-internet.de/vwgo/__101.html
[8] Heinrich Amadeus Wolff, Andrew Decker: VwGO und VwVfG Kommentar, 2. Aufl.,C.H.Beck, 2007, 374 дэх тал
[9] https://www.gesetze-im-internet.de/vwgo/__84.html, Германаар “Gerichtsbescheid” гэх ба энэ нь хэлбэрийн хувьд шүүх хуралдаан хийж хэрэг шийдвэрлэсэн шийдвэр биш, мөн процессын явцад гарсан тогтоол биш. Харин шүүх хуралдаан хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийдвэр гэж ойлгох нь зүйтэй, Т.М
[10] Helge Sodan, Jan Ziekow: Grundkurs Öffentliches Recht, 10. Aufl., C.H.Beck, 2023, 740 дэх тал, Friedhelm Hufen : Verwaltungsprozessrecht, 7. Aufl., C.H.Beck, 2008, 540-541 дэх тал
[11] https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=20008255
[12] ХБНГУ болон Австри Улсад дампуурлын хэрэг үүсгэсний дараа уг процедурыг бие даан гүйцэтгэх; төлбөрийн чадваргүй захиргаанд хяналт тавьж, томилгоог удирдах, гэрээслэл нээж, өв залгамжлалын гэрчилгээ олгох, асран хамгаалагч, асран хамгаалагч, асран хамгаалагчийн ажилд хяналт тавих; хялбаршуулсан журмаар хүүхдийн тэтгэмжийг тогтоох гэх мэт чиг үүргийг гүйцэтгэдэг шүүх эрх мэдлийн ажилтныг “Rechtspfleger” гэдэг, Т.М
[13] Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй. 2 дахь хэвлэлт, 2023, 45 дахь тал.