Шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0324
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын агуулга: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж зааснаар 52 настай, эмэгтэй прокурор өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөж, хүсэлтээ гаргахад нийгмийн даатгалын байгууллага “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй” үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзсаныг шүүх дараах үндэслэлээр хууль бус гэж үзээд хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоон олгохыг даалгаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Улсын ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгээр мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргахад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс ийнхүү тэтгэвэр тогтоохоос татгалзсан.
Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн прокуророор ажиллаж байгаа эмэгтэй хүн өөрөө хүсвэл 55 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй тухай энэ заалт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг “тэтгэвэрт гарах насны дээд хязгаар”-аар болон мөн насаар /хүйсийн хувьд ялгамжтай/, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх” заалттай уялдсан байна.
Хариуцагчийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй” гэж тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ болгон тайлбарлаж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1993 оны/ нь шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дээр дүгнэснээр тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг ийнхүү нарийвчлан зохицуулсан өөр хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/12758?daterange=2023-04-01%20-%202023-04-30&id=1&court_cat=3&bb=1
Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна