Тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан “Шүүхийн чанарын үзүүлэлтийг тодорхойлох” ажлын хэсэг өнөөдөр шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад хийсэн судалгааны ажлаа тайлагнав. Судалгааг хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Э.Азбаяр танилцуулсан юм.
Энэхүү судалгааг Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргүүдийн шалтгаан нөхцөлийг тогтоох, Процесс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа алдаа зөрчлийг гаргахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор хийж гүйцэтгэсэн байна.
Тус шүүх өнөөдрийн байдлаар 617 хэрэг хянан шийдвэрлэж, үүнээс 364 хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, 139 хэрэг хэвээр үлдэж, 98 хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, 67 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Судалгааны үеэр дахин хэлэлцүүлэхээр буцаасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд гарсан алдаа зөрчлийг нэг бүрчлэн танилцуулсан юм.
Мөн энэ үеэр цаашид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлж ажиллах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гарсан алдаа зөрчлийг арилгах тал дээр шүүгч нар харилцан санал солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *