Иргэн Д.Туул шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Тус шүүхийн Тамгаас газраас Сүхбаатар дүүргийн иргэний хурлын танхимд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэдийн төлөөлөгчид эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан билээ. Сургалт орохоос өмнө та иргэдийн төлөөлөгчийн талаар ямар ойлголттой байсан бэ?
Сүхбаатар дүүргийн 14-р хорооны хэсгийн ахлагч шүүхээс иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулагдах тухай ил захидал ирсэн талаар мэдэгдсэний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хурлын танхимд сургалтад суусан.
Сургалт зохион байгуулагдахаас өмнө иргэдийн төлөөлөгчтэй холбоотой мэдээлэлгүй байсан. Сургалтаар иргэдийн төлөөлөгч ямар үүрэгтэй талаар мэдэж авсан.
Та шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан сургалтаар олж авсан мэдлэгээ иргэдэд хуваалцана уу?
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгчийн мэдлэг олгох сургалт зохион байгуулсанд баяртай байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг нь шүүхийн ил тод байдлыг хангах, үнэн зөв, шударга шийдвэрлэж буй эсэх талаар өөрийн биеэр шүүх хуралдаанд олон нийтийг төлөөлөн оролцож, хэргийн үйл баримтын талаар буюу гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй гэж ойлгосон.
Шүүгчийн туслахаас түүврийн аргаар санамсаргүй байдлаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон гээд шүүх хуралдааны тов мэдэгдэж залгахад өөрийгөө азтай байна гэж бодогдож, шүүх хуралдаанд хариуцлагатай оролцсон. Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэнд цагийн мөнгөн урамшуулал олгож байгаа нь иргэдийг идэвхтэй оролцох урам өгч байна гэж бодож байна.
Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоход төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсоноор хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ, шударга ёсыг тогтооход өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Мөн шүүхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулан, олон нийтийн оролцоог нэмэгдүүлдэг юм байна.
Шүүх хуралдаан эхлэхэд иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөж байхдаа Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархах сэтгэл төрсөн. Шүүх хуралдаанд сууснаар хууль зүйн мэдлэг дээшилдэг давуу талтай юм байна. Мөн өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй талаар тодорхой мэдлэгтэй болсон. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс асуулт асууж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхэд бичгээр болон амаар гаргасан байгаа.
Танд өөр нэмж хэлэх сэтгэгдэл байна уу?
Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсоноор шүүх шударга шийдвэрлэж буй талаар болон хуулийн зохих мэдлэгтэй болдог тул иргэдийг шүүх хуралдаанд идэвхтэй оролцож байгаарай гэж хүсмээр байна.
ТАНД БАЯРЛАЛАА.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *