Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэрэннадмидын Батсүрэн нь өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан тус шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралдаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Адъяасүрэн, шүүгчид, Тамгын газрын дарга Н.Батхүү, захиргааны ажилтнууд оролцлоо.

Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь 1979-1980 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, 1983-1985 онд Дэлгэрцогт сумын АДХГЗ-нд чанарын албаны дарга, 1988-1989 онд Дундговь аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөгч, өмгөөлөгч, 1994-1995 онд Дундговь аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 1995-2000 оны 01 дүгээр сар хүртэл Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2000 оны 01 дүгээр сараас 2002 оны 10 дугаар сар хүртэл Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2002 оны 10-р сараас 2012 оны 12 дугаар сар хүртэл Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сар хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч, 2014 оны 05 дугаар сараас эхлэн тус шүүхийн Ерөнхий шүүгч, 2015 оны 06 дугаар сараас эхлэн одоог хүртэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус томилогдон ажилласан бөгөөд төрийн байгууллагад нийт 36 жил, шүүгчээр 28 жил, Ерөнхий шүүгчээр 26 дахь жилдээ ажилласан ахмад туршлагатай шүүгч юм.

Хуралдааны үеэр Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь “Нэгэн 10 жилийн хугацаанд надад ихээхэн итгэл найдвар хүлээлгэж, урам зориг өгч, дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан эрхэм шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд та бүхэндээ талархаж байна. Шүүх эрх мэдлийг хуулийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж ирсэн хамт олноороо энэ мөчид бахархаж байна.
Мөн надтай нэг хүн шиг гар сэтгэл нийлэн, тус шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах чиг үүргийг чадварлагаар зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн эрхэм журмын нөхөр Н.Батхүү даргадаа онцгойлон талархал илэрхийлье.
Та бүхэн минь өөрийгөө бодож, өнөөдрийг аргацаах биш, ирээдүйгээ бодож, алсыг харж ажиллаарай. Тодруулбал эрхэм шүүгч ажилтнууд өөрийгөө хөгжүүлж, нийгмийн амьдралтай хөл нийлүүлэн алхаарай. Эвэлбэл бүтнэ, ховловол гутна гэдэг ардын сайхан үг байдаг. Эв эеийг хичээн, хүлээцтэй, хэн нэгнийхээ үгийг сонсож, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бие биеэ хайрлаж байгаарай. Шүүгч хүн тэнгэрийн амьтан биш, Танд Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах онцгой эрхийг төр тодорхой хугацаагаар олгосныг үргэлж санаж, хуулийн хүрээнд шударгаар ажиллаарай. Шүүгч хүн хүн чанартай, жудагтай байх ёстойг үргэлж санаж яваарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн ардын сайхан үг байдаг. Эрүүл мэндээ бодож ажиллаарай. Та бүхний шударга ёсыг тогтоох их үйлсэд их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Адъяасүрэнд шүүхийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс тандаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ