Туршилтаар
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Энх-д 3565 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 2018 онд олгосон, ингэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүйн зэрэгцээ тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй байжээ.
Нийслэлийн Засаг дарга иргэн Энх-д газар эзэмшүүлсэн захирамжаа 2020 онд өөрөө хүчингүй болгосон, үндэслэлээ “… хууль зөрчиж газар эзэмшүүлсэн, уг газар нь Нисэх-Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөнд зааснаар авто зам тавихаар төлөвлөгдсөн байгаа. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шилжин байрших болсонтой холбогдуулан гүүрэн гарц барих төлөвлөгөөнд давхар тусгагдсан” гэжээ.
Иргэн Энх уг захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг дарга иргэн Энх-д анх газар олгохдоо Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул уг хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэн Энх нь энэ тохиолдолд газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгогдсон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул иргэн Энхийн газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ.
/Хүчин төгөлдөр болсон/
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол:Энд дарна уу.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Адъяасүрэн