Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.04.18-ны өдрийн 128/ШШ2022/0289
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.22 Хураангуй-8
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээг олгож, газар ашиглах гурвалсан гэрээг тус компани болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгээр Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Шүүхээс нэхэмжлэгч компанид захиргааны байгууллагаас газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, мөн аялал жуулчлалын төвийн барилгын эскиз зургийг баталж, цахилгаан холболт хийх техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон, тухайн газрын байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан атлаа 4 жилийн дараа “хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагаа тасалдахад хүргэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүргэсэн гэж үзсэн.
Мөн Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2018 оноос эхлэн удаа дараа дуусгавар болгож байгаа нь шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх, захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/9262?daterange=2022-01-01%20-%202022-11-22&id=1&court_cat=3&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням