Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.10.14-ний өдрийн 128/ШШ2022/0764
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2023.01.11 Шийдвэрийн тойм-1
Нэхэмжлэгч Д.Цоггэрэл шүүхэд хандан өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Талст молор” ХХК-ийн хувьцааны 95 хувийн хувьцааг “Бэлэглэлийн гэрээ”-ээр Б.Мөнхтөрд шилжүүлсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуурамч “Худалдах-худалдан авах гэрээ”-г үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрэмд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийг хийсэн гэж маргаж, холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Талст молор” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Б.Мөнхтөрийг компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Цоггэрэлийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг бэлэглэлээр шилжүүлэх, Д.Цоггэрэлийг захирлаас чөлөөлж, Б.Мөнхтөрийг захирлаар томилж тус тус шийдвэрлэсэн байсан.
Компанийн энэ дүрмийн өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд “Талст молор” ХХК-ийн 95 хувийн хувьцааг “бэлэглэлийн гэрээ”-ээр Б.Мөнхтөрд шилжүүлсэн, үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөн, гүйцэтгэх захирлаар Б.Мөнхтөрийг томилно гэх мэдээллийг тусгаж, өргөдөлдөө Компанийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус хавсаргажээ.
Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд зурсан Д.Цоггэрэлийн гарын үсэг түүний гарын үсгийн хэвтэй тохирч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Д.Цоггэрэлийг уг гэрээг байгуулсан болох нь нотлогдсон гэж дүгнэсэн.
Энэ үйл баримтуудаас харвал, Д.Цоггэрэл нь “Талст молор” ХХК-д эзэмшиж байсан 100 хувийн хувьцааныхаа 95 хувийг Б.Мөнхтөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байсан, түүнийгээ бичгээр илэрхийлснийг баталгаажуулсан нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байх бөгөөд Д.Цоггэрэлээс Б.Мөнхтөртэй “Бэлэглэлийн гэрээ” байгуулж байсан гэх үйл баримт нотлогдоогүй тул Д.Цоггэрэлээс хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг ийм баримтыг шаардах ёстой байсан гэж буруутгасныг хууль зүйн хувьд боломжгүй гэж шүүх үзсэн.
Мөн компанийн эрх шилжүүлснийг бүртгүүлэх, гүйцэтгэх удирдлагын мэдээллийг бүртгүүлэхээр мэдүүлсэн мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн материалууд дээрх зарим гарын үсэг Б.Мөнхтөрийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа ч энэ гарын үсэг нь Д.Цоггэрэлийн хүсэл зоригийн үнэн баримтыг гуйвуулсан, худал мэдээлэл агуулсан шинжгүй байгаа буюу өөрөөр хэлбэл, Д.Цоггэрэлийн хүсэл зориг болох өөрийн өмчлөлд хамаарах 95 хувийн хувьцааг Б.Мөнхтөрд шилжүүлэх хүсэл зоригийн агуулгыг гуйвуулаагүй тул улсын бүртгэл хууль зөрчөөгүй гэж үзэн, эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/11676?daterange=2021-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг, Т.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхтулга