Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.11.08-ны өдрийн 128/ШЗ2022/9449
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023.01.19 Процессын тойм-1
Х ХХК-аас “... Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 01/05 дугаартай “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-тай үүссэн цэвэр, бохир усны бөөний тарифын өр төлбөрийг барагдуулах тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”-аар шүүхэд хандсан байна.
Захиргааны ерөнхий хуульд, аливаа захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бол захиргааны акт гэж үзэхээр заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, дээр дурдсан захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
Гэтэл нэхэмжлэлд авагдсан баримтуудаас үзэхэд, ажлын хэсгийн дүгнэлт нь гадагш чиглэсэн шинжгүй буюу харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор гаргасан дотоод зохион байгуулалтын шинжтэй эрх зүйн акт, мөн нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан албан бичиг нь Х ХХК-д үүссэн төлбөрийн үлдэгдлийн талаарх мэдээллийн шинжтэй буюу тус компанид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон зохицуулалт агуулсан шийдвэр биш байжээ.
Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргагчаас хүчингүй болгуулахыг хүссэн ажлын хэсгийн дүгнэлт, албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ