Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.06.02-ны өдрийн 128/ШШ2022/0420
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.01.19 Шийдвэрийн тойм-3
“К” хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, менежментийн болон бизнесийн зөвлөгөө өгөх, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, зуучлал, гадаад худалдаа, төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж.
Уг хуулийн этгээд нь иргэн Б.О-г “ажил гүйцэтгэх гэрээ”-ээр авч ажиллуулсан, тэрээр “...7,8 дугаар сард борлуулалт муу байсан болохоор харж байгаад өөрөө үнийн дүнг америк доллароор бичсэн, ...тухайн орон сууцыг гадаадын иргэд сонирхож байсан тул үнийн дүнг гадаад валютаар оруулсан...” зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан, энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээдийн зүгээс “зөрчлийн хэргийг гэрээлэгч этгээдтэй холбогдуулан шалгах ёстой, гэрээний дагуу хариуцлагаа хүлээх ёстой, түүнд шийтгэл оногдуулах байсан” гэж маргасан, харин хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчдын зүгээс “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх, ...Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглох” талаарх хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, “К” ХХК-ийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдсэнд тооцож, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж арга хэмжээ авсан байна.
Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох явдал байдаг ба “хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцох”-оор, “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах”-аар зохицуулсныг эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс зөв хэрэгжүүлж, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна гэж шүүх үзжээ.
Өөрөөр хэлбэл, “К” ХХК-ийг “үл хөдлөх хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх” үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж, ашиг олохдоо төлбөрийн нөхцөлийг “гадаад валютаар” илэрхийлэн зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж үзсэн, үүнийг гэрээгээр ажилласан ажилтны үйлдсэн зөрчил гэж үзэхгүй, тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөө уг хуулийн этгээд нь хариуцлага хүлээнэ гэж дүгнэж, шүүхээс гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/10221?daterange=2022-01-01%20-%202023-01-17&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн