Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.30-ны өдрийн 128/ШШ2022/0896
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.02.09 Шийдвэрийн тойм-4
Иргэн Сүхээгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалд өөрчлөлт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Сүхээ нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор ажиллаж байхдаа авто осолд орж, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар тогтоолгожээ. Улмаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар уламжлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “... албаны үүргээ гүйцэтгэх явцад осолд орж, албаны үүрэг гүйцэтгэх боломжгүй, эмчилгээ хийлгэх болсон тул хуулийн дагуу тэтгэмж олгож, ажлаас чөлөөлж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар Сүхээг хүсэлтийг нь үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
2022 оны 3 дугаар сард Сүхээгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандан “... ослын улмаас хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсан, одоо цэргийн тэтгэврийн нас хүрсэн гэх үндэслэлээр цэргийн тэтгэвэр, тэтгэмж олгуулах” өргөдөл гаргасан боловч тус газраас “... өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй ...” гэсэн хариу өгчээ.
Хүсэлт гаргагчийн хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол түүний хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл байдалд тулгуурлан тайлбарлах зарчимтай бөгөөд нэхэмжлэгч Сүхээд байнгын эмчилгээ, сувилгаа шаардлагатай болсныг эрх бүхий байгууллага тогтоосон тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад үндэслэн үзвэл, түүний анх гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн хүсэл зоригийн илэрхийлэл нь өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх агуулгаар биш, харин эрүүл мэндийн шалтгааны улмаас төрийн албанаас түр чөлөөлөгдөх агуулгатай байсныг хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа буруу ойлгосон байна гэж шүүх дүгнэжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/12040?daterange=2021-01-01%20-%202023-02-08&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ