Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.02.08-ны өдрийн 128/ШШ2023/0135
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2023.02.16 Шийдвэрийн тойм-5
Үйл баримт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “... иргэн О.Одсүрэн нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглахдаа хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.Одсүрэнд олгосон 2.041 га газраас 5161.4 м2 газрын ашиглах эрхийг цуцалсаныг О.Одсүрэн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэсэн заалтыг иргэн О.Одсүрэн зөрчсөн болох нь мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, шалгалтын тайлан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн сайдын тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал