Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.03-ны өдрийн 128/ШШ2022/0186
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2023.03.16 Шийдвэрийн тойм-6
Иргэн Т.Х-гээс нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн замаас хойш Санзайн гудамжны 2371 дугаар хашаа хүртэл 1 км хатуу хучилттай авто зам нь Т.Х-ын эзэмшил газартай давхацсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодорхойлжээ.
Шүүхээс Т.Х-д хандан “захиргааны хэргийн шүүх газар давхацсан” гэх шийдвэр гаргадаггүй, зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-103.3.14-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргадаг тул уг заалтад нийцүүлж буюу нэхэмжлэлийн шаардлагаа уг хуулийн заалтын альд хамааруулж шийдвэрлүүлэх гэж байгаа болохыг тодруулахыг шаардахад, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахгүй, нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэйгээ тайлбарласан, хариуцагчаас Т.Х-тэй газрын эрх зүйн харилцаа байхгүй, үүсээгүй гэж, эсхүл аливаа байдлаар хэн нэгнийхээ өмнө эрх, үүрэг үүссэн, хариуцлага тооцох ёстой гэж маргаагүй, талуудын хооронд ийм эрх зүйн маргаан үүсээгүй.
Ийнхүү шүүхийн шаардсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөөгүй нь нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах, хэргийг шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зориг нь “өөрийнх нь эзэмшиж буй газар дээр давхцуулан зам тавьсны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх”-д чиглэж байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “газар давхацсан эрх зүйн харилцаа байгаа болохыг зөвшөөрүүлэх” буюу тогтоох нэхэмжлэлээр эрх зүйн хамгаалалт шаардлагатай эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүхээс аливаа этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад эрх зүйн ерөнхий онолын дагуу Иргэний хууль дахь зохицуулалтыг хэрэглэх зарчимтай бөгөөд тус хуульд, “...хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “эзэмшил газар нь авто замтай давхацсан эрх зүйн харилцаа байгааг зөвшөөрүүлэх” гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба нэхэмжлэгчийн дээрхи нэхэмжлэлийн шаардлагын дагуу тодорхой төрлийн эрх зүйн харилцаа байгаа эсэхэд талууд маргаж байгаа тохиолдолд уг эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх учиртай, энэ тохиолдолд талууд тухайн шаардлагаар маргаагүй тул эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй.
Тодруулбал, “Т.Х-ын эзэмшил газар нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тавьсан авто замын трасстай давхацсан эрх зүйн харилцаа” гэдэг эрх зүйн ойлголт байхгүй тул ийм эрх зүйн харилцаа байгаа болохыг шүүхээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгчид “эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрөх” нөхцөл бүхий эрх зүйн хамгаалалт шаардлагатай болоогүй гэж дүгнэжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/12040?daterange=2021-01-01%20-%202023-02-08&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг