Шүүхийн шийдвэрийн дугаар: 128/ШШ2023/0277
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчингүй төгөлдөр болоогүй.
2023.04.27 Шийдвэрийн тойм -8
Иргэн Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нар нь “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирол нэхэмжлэгч тус бүрт 12,120,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж, олгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 1А байрны зүүн талд байрлах гражууд хамаарч байна.
Нэхэмжлэгч Ч.О нь 2008 онд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1а байрны зүүн талын 5 тоот гражийг, Д.Ө нь 2021 онд 4 тоот гражийг, Ж.Х нь 2019 онд 7 тоот гражийг, Н.М нь 2010 онд 15 тоот гражийг тус тус худалдан авсан гэж, одоогийн зах зээлийн үнэлгээг граж тус бүр нь 12,120,000 төгрөг гэж хохирол нэхэмжилсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шаазан ваарын үйлдвэрийн агуулахын баруун талд нэхэмжлэгч нарын гражуудын байрлаж байсан газрыг анх гражийн барилгын зориулалтаар 1999 оны 4 сарын 17-ны өдрийн А/47 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Г” ХХК-д 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн, үүнээс хойш уг гражийг иргэд хоорондоо худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсээр одоогийн эзэмшигч нарт шилжиж ирсэн, түүнчлэн нэхэмжлэгч нарт газар эзэмших, өмчлөх эрх байхгүй, харин уг газрыг ашиглах эрх 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Сүхбаатар дүүргийн газрын албанаас газрын төлбөрийг олон жилийн турш актаар тогтоож төлүүлж байсан, худалдаж авсан гражийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан” гэж маргаж байх боловч газрын төлбөр төлснөөр, мөн граж худалдан авснаар түүний доорх газрын эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй.
Түүнчлэн хорооны Засаг даргын тодорхойлолт нь газар эзэмших, өмчлөх эрхийг олгосон шийдвэр биш, нөгөө талаар “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн иргэдэд л хамааралтай.
Учир нь газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд эзэмшихийг хориглодог бөгөөд тухайн газар нь нэхэмжлэгч нарын эзэмшилд байгаагүй, уг газрыг 1999 онд 2 жилийн хугацаагаар түр ашиглуулахаар захирамж гарсан хэдий ч нэхэмжлэгч нараас тухайн газрыг эзэмшихээр гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй зэргээс төрийн байгууллагын байр суурь эхнээсээ тодорхой байжээ.
Иймд нэхэмжлэгч иргэдийн граж байгаа газрыг чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэрийн тойм биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно |
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал