Шүүхийн шийдвэрийн дугаар: 128/ШШ2022/0625
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023.05.29 Шийдвэрийн тойм-10
Иргэн Б.Б нь Монголбанканд холбогдуулан “...миний дээр бүртгэсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0000 төгрөгийн авлагыг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Б нь Капитал банканд ажилладаг байсан бөгөөд Капитал банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр тушаалаар ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо…-нд байрлах 45 м.кв орон сууцыг барьцаалан 58,500,000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 2037 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлэх нөхцлөөр 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г Капитал банктай байгуулжээ.
Харин 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ээр нэхэмжлэгчийн худалдан авч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрт 0000 төгрөгийг банкнаас төлөхөөр зааж, Капитал банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор дээрх урьдчилгааг орон сууц барих “Кд” ХХК-д төлөхийг зөвшөөрч, улмаар Капитал банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 0000 төгрөгийн авлага үүсгэж зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байна.
Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байх бөгөөд энэ тохиолдолд тухайн сангийн зээлийн мэдээлэл нийлүүлэгч нь “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч гэж үзэхээр байна.
Тодруулбал, “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 0000 төгрөгийн авлага үүссэн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн бөгөөд хуульд заасан зээлдэгчээс зөвшөөрөл авсан байх, мэдээлэл үнэн зөв байх зэрэг үүрэг нь мэдээлэл нийлүүлэгчид хамааралтай.
Харин Монгол банкны тухайд мэдээлэл нийлүүлэгчээс нийлүүлсэн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд уг авлагыг мэдээллийн санд бүртгэсэн нь зээлийн мэдээллийн эх сурвалж буруу ташаа, бүрэн бус мэдээлэл агуулж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.
Иймд, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрхийг Монголбанканд хуулиар олгоогүй тул нэхэмжлэгч Б.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/10631?daterange=2022-01-01%20-%202023-05-29&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дамдинсүрэн