Шүүхийн шийдвэрийн дугаар: 128/ШШ2023/0420
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023.05.09 Шийдвэрийн тойм-11
“М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороо, тус газрын улсын байцаагч нарт холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар тогтоолоор брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгосон бөгөөд тус хорооноос төлөвлөгөөт хяналт хийж, нэхэмжлэгчийг 4 багц зөрчил гаргасан гэх үндэслэлээр хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.
Дээрх шаардлагын хариуг нэхэмжлэгчээс хүргүүлсэн боловч улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангасан талаарх холбогдох тайлбар, нотлох баримтыг бүрэн гүйцэд ирүүлээгүй, гаргасан зөрчил дутагдлаа бүрэн арилгаагүй гэж үзэн үнэт цаасны брокерын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор тус компанийн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь дахин 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр тайлбарыг нотлох баримтын хамт Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн ч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан нь тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэл болохгүй гэж үзэн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 493 дугаар тогтоолоор брокерын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн тогтоосон хугацаанд холбогдох тайлбар мэдээллийг баримтын хамт хүргүүлж байсан бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан зөрчлийг арилгаагүй, сэргээлгэх хүсэлтийг ирүүлээгүй, 30.1.3-д заасан удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ