Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 128/ШШ2023/0789
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм-13
“БМ” ХХК-иас Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “БМ” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах нэхэмжлэл гаргасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/3** дүгээр тушаалаар Богдхан уулын Т.Х-ын аманд 3 га газрыг нэхэмжлэгч “БМ” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон.
Б дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “БМ” ХХК-д DNP21090300000949775 дугаар нэхэмжлэлээр 129,469,320.00 төгрөгийн татварыг газрын төлбөрт төлөхөөр нэхэмжилжээ.
“БМ” ХХК нь “Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дэх заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй хугацаанд газрын төлбөр шаардах эрхгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөр нэхэмжилсэн нь иргэн аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулсан тул буцаан хэрэглэх боломжгүй” гэж, хариуцагч нь “...“БМ” ХХК-ийн газрын төлбөрийг Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг Тогтоох тухай” 2019 оны 25 дугаар дугаар тогтоолын дагуу Т.Х ам нь газрын үнэлгээний 6 дугаар бүс бөгөөд дээрх заалтыг үндэслэн газрын төлбөрийг 3 дахин өсгөн тооцсон нь зөв” гэж тус тус тайлбарласан байна.
Нэхэмжлэгч компани нь тусгай хамгаалалттай газрыг ашиглах хугацаандаа Засгийн газар болон Нийслэл болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тогтоосон итгэлцүүр, үнэлгээ, үнэлгээний зэрэглэлийн дагуу гурав дахин өсгөж газрын төлбөрийг тооцож төлөх үүрэгтэй, мөн уг газрын төлбөрийг хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тогтоож газар ашиглах гэрээнд тусгахаар заажээ.
Маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх олгогддог Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах газар байна.
Харин хуулиар тусгай хамгаалалттай газрыг ашиглагч нь аялал жуулчлалын зориулалттай газрыг ашиглаж байгаа тохиолдолд түүний хэддүгээр бүсэд хамаарч байгааг үл харгалзан Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийн хэмжээтэй адилтган тооцох, газрын төлбөрийн хэмжээг бууруулан тооцох эрх хэмжээг хариуцагч байгууллагад олгоогүй.
Өөрөөр хэлбэл, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг хэрэглэн газрын төлбөрийг тооцож ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацаанаас эхлэн, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд хугацаа тасалдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байгаа хэдий ч дээрх үндэслэлээр тухайн хугацааны газрын төлбөрөөс нэхэмжлэгч компани чөлөөлөгдөх, нэхэмжлэгч компанийг хуулиар тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолд зааснаар хариуцагчийн тодорхойлсон хэмжээгээр маргаан бүхий газрын төлбөрөө төлөх үүрэгтэй байна.
Шүүхээс “БМ” ХХК-д Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг хэрэглэн газрын төлбөрийг тооцож ногдуулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/12168?daterange=2022-01-01%20-%202023-08-21&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч С.Ганбат