Шүүхийн шийдвэрийн дугаар: 128/ШШ2023/0545
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тойм: 2023.06.20
“Ю” ХХК-ийн гомдолтой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Л-д холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Л-ын “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0002353 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
“Ю” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн В22/043 дугаар тушаалаар олон суваг дамжуулах гуравласан үйлчилгээний үйлчилгээ авах өрхийн “S plus” багцын суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдэд 39,900 төгрөгөөр, гэр хорооллын хэрэглэгчдэд 43,900 төгрөгөөр буюу Улаанбаатар хотод орон сууц болон гэр хорооллын бүсэд үнийг өөр тогтоосон боловч уг тушаалаар тогтоосон Дархан хот болон Эрдэнэт хотын олон суваг дамжуулах үйлчилгээний “S plus” багцын үнэ тарифыг Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдэд тогтоосон үнэ тарифтай ижил үнээр тогтоосон.
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2202000362 дугаар тогтоолоор “Ю” ХХК-д холбогдуулан олон суваг дамжуулах, гуравласан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь “...Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх...”-ийг хянахаар зөрчлийг хэрэг нээж, хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн.
Уг хяналт шалгалтаар “Ю” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Ю” ХХК-ийн шинэчилсэн нөхцөлд “S plus” багцын сарын суурь хураамжийг 39,900 төгрөг, гэр хороололд 43,900 төгрөгөөр ялгавартай тогтоосон зөрчил тогтоогдсон.
“Ю” ХХК-ийн зүгээс ялгаатай үнийн тариф тогтоосон асуудлыг урсгал болон завсрын зардлууд, удирдлага, борлуулалт, менежментийн зардлууд, үндсэн ба биет бус хөрөнгийн элэгдэл, түрээс барилгын төлбөр, даатгал, бусад зардал татвар, үүргийн нэгдсэн сангийн төлбөр, хураамжаас шалтгаалж байгаа ба Улаанбаатар хотод нийтийн орон сууцанд амьдарч хэрэглэгчдийн ашиглаж байгаа цахилгааны утас, зуслангийн байшинд зориулан шонгоос татаж байгаа цахилгааны утас хоёр өөр үнийн тарифтай учир ялгаатай гэж тайлбарлажээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Олон суваг дамжуулах үйлчилгээний хамрах хүрээг үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгаас хамаарч дараах байдлаар тусгай зөвшөөрөлд заана: Тодорхой бүс нутагт үйлчилгээ эрхлэх тохиолдолд Улаанбаатар хот, тухайн аймгийн нутаг дэвсгэрт гэж” заасны дагуу Улаанбаатар хотыг нэг бүс нутаг гэж ойлгохоор байх бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй” гэж заажээ.
Хуулийн дээрх заалт болон Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаас дүгнэвэл Улаанбаатар хотын орон сууц болон гэр хорооллыг ялгаатай бүс нутаг гэж үзэхээргүй байх бөгөөд Дархан, Эрдэнэт хотын байршил нь Улаанбаатар хотын гэр хорооллын байршлаас хол атлаа хямд үнээр үйлчилгээ авч байгаа нь өрхийн ижил багцыг хэрэглэгчдэд ялгавартай үнээр дамжуулж, давамгай байдалтай аж ахуй нэгж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч Э.Л-ээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002353 дугаар шийтгэлийн хуудсаар “Ю” ХХК нь өрхийн үйлчилгээг ижил багцыг хэрэглэгчдэд ялгавартай үнээр дамжуулж, давамгай байдалтай аж ахуй нэгж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж 1,163,740,176 /нэг тэрбум нэг зуун жаран гурван сая долоон зуун дөчин мянга нэг зуун далан зургаа/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/13215?daterange=2023-01-01%20-%202023-10-03&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ц.Одмаа