Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.21-ний өдрийн 128/ШШ2023/0549
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм-15. 2023.11.24
Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч “Т” компанид холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-2622 дугаартай нөхөн ногдуулалтын акт тавьжээ.
Тус нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанийг “2011 онд 293,727,455 төгрөгийн хуурамч падаантай худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр зах зээлээс худалдан авсан гэж тайлагнасан нь төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гаргасан” гэж үзжээ.
НА-2622 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 260028 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн татварын улсын байцаагч нарын гаргасан Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай илтгэх хуудасны үргэлжлэл болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд хэлсэн тайлбаруудаар тогтоогддог.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... анх гарсан 2012 оны 260028 тоот дүгнэлтэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 705 дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр хүлээн авсан өдрийг хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарсан хугацаа гэж тооцож, татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй буюу хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарснаас хойш 8 жилийн дараа татварын хяналт шалгалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг зөрчсөн” гэж, харин хариуцагч нар “хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг зөв тооцсон” гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд татварын байцаагч нараас “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 705 дугаартай тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/3506 тоот албан бичгээр татварын алба хүлээн авсан өдрийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан өдөр гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-26220000136 дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасныг 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор багтсан” гэж тайлбарлаж байгаа нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж дүгнэв.
Учир нь, тус хуульд “... эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар ... татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээн авсан /гардан авсан/ хугацааг бус, харин эцсийн шийдвэр гарсан хугацааг онцлон хуульчилсан байна гэж тайлбарлав.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/13289?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ