Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.09.18-ны өдрийн 128/ШШ2023/0692
Нэхэмжлэгч С.Б хүү ахлах дэслэгч Б.Р нь Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар “ЗЭВ-2022” хамтарсан дадлага сургуульд оролцохоор Улаанбаатар хот руу явах замдаа зам тээврийн осолд орж, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь насаа алджээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны Б/2082 тушаалаар ахлах дэслэгч Б.Р агсны ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “захирагчийн тушаалаар дайчилгаатай сургуулилалтад оролцохоор явж байхдаа зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан байхад 36 сарын хугацааны тэтгэмж олгосон нь хууль бус” үзэж 24 сарын тэтгэмжийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, ... тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан байх ба олгох тэтгэмжийн хэмжээг 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн,
- байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас амь насаа алдвал 10 жилийн,
- бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас амь насаа алдвал 5 жилийн,
- албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгох”-оор ялгаатай зохицуулсан байна.
Шүүх хариуцагч захиргааны байгууллагаас амь насаа алдсан цэргийн алба хаагчийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй ослын улмаас амь насаа алдсан гэж үзэж 3 жилийн цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно” гэж заасанд нийцээгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Учир нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хамтарсан сургуулилалтад оролцохоор явах алба хаагчдыг сургуулилалт болох газарт хүргэх албаны унааг анги, удирдлагаас шийдвэрлээгүй, мөн албан хаагчийг өөр этгээдийн хувийн унаанд сууж явахыг ангийн удирдлагаас зөвшөөрсөн тохиолдолд тухай алба хаагчийн цэргийн анги байрлалаас сургуулилалтын талбай хүрэх зам нь ажилдаа ирэх, буцах хөдөлгөөнд улмаар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцогдоно гэж дүгнэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/13551?daterange=2023-01-01%20-%202023-12-24&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул