Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон орон даяар зохион байгуулагддаг “Өмгөөлөгч-Танд тусалъя 2024” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Нотариатчдын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Олон Улсын Арбитр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх оролцож өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг иргэдэд хүргэлээ.

Тус өдөрлөгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас иргэдэд захиргааны хэргийн шүүхийн талаарх ойлголт, харьяалан хянан шийдвэрлэдэг маргааны төрөл, захиргааны хэргийн шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх мэдээллийг хүргэж, иргэдээс шүүхийн үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултад хариулж, чиглэл өгч, танилцуулга, гарын авлага тарааж ажиллалаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар