/CEMETERY LAW/
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.05-ны өдрийн 128/ШШ2024/0195
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Иргэн Э.Б нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны №247 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80,400,000.00 төгрөгийн хохирлыг Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Э.Б-аас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлд байгууллагын үүрэгтэй холбоотой харилцааг журамлан зохицуулсан байх бөгөөд 3.3-д “Оршуулгын газар талбайн ашиглалтыг зүй зохистой зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт хийж, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаална.” гэж байгууллагын буюу төрийн үүргийг тодорхойлсон байна. Гэвч Нийслэлийн Засаг даргаас тогтоолын хэрэгжилт буюу журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллагаагүй, өнөөдрийг хүртэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газар нь харуул хамгаалалтгүй, хашаа хороо байхгүйн улмаас миний төрсөн эцэг Ц.Э-ийн шарил, бунхан, хөшөө дурсгал хулгайлагдсан гэсэн агуулгаар маргасан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид /цаашид НИТХТ/-ийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн “Журам, жагсаалт батлах тухай” 247 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмыг баталж, 2 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнгийн талаар Тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.
НИТХТ-ээс дээрх 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 247 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 1992 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн байх ба тус 1992 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд …” гэж заасан байна.
Дээрх хууль, журмаар хүлээсэн оршуулгын газрын бүрэн, бүтэн байдлыг хангах, харуул хамгаалалтыг хариуцах талаарх үүргээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь биелүүлээгүй болох нь тогтоогдсон ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газарт шүүхээс очиж үзлэг хийж бодит байдалтай танилцахад уг оршуулгын газар нь хашаагүй, харуул манаачийн гэх 2 байшинд хүн байхгүй байсан ба хашаа, харуул, хамгаалалт хангалтгүй болох нь нийтэд илэрхий нотлогдсон болно.
Хүний амьтнаас ялгагдах шинж нь сэтгэхүй, ухамсар бөгөөд нас барсан хүнээ хүндэтгэх, санан дурсах нь хүний байгалиас заяагдсан жам ёсны эрх тул шүүх энэ эрхэд хүндэтгэлтэй хандаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн “Журам, жагсаалт батлах тухай” 247 дугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, үүний улмаас учирсан хохирол ... төгрөгийг нэхэмжлэгч Э.Б-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: httpshttps://shuukh.mn/single_case/15672?daterange=2024-03-05%20-%202024-03-05&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг