Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.06.17-ны өдрийн 128/ШШ2024/0524
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Иргэн Ч.Ч-с Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 03/5603 дугаартай албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урамшуулал 93,052,868 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын байгаль хамгаалагч Ч.Ч-аас ирүүлсэн гомдлыг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь “Ш” ХХК-ийн Түшиг сумын Элстийн ам, Моностойн ам гэх газруудын мод бэлтгэсэн газар дээр очин үзлэг шалгалт хийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Ш” ХХК мод бэлтгэх гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлэн модны төрөл, зориулалт бэлтгэх арга технологийг зөрчсөн, мод бэлтгэх гэрээ эрхийн бичгийн хугацааг дууссан, ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх зөрчилд улсын байцаагчийн акт үйлдэж, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 500.000 төгрөгөөр торгож, хохирлын нөхөн төлбөрт 619,852,458.8 төгрөгийг гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.
“Ш” ХХК-иас дээрх улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 801 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Ч.Ч-с “Ш” ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлогоос урамшуулал авах хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргад болон Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан гаргахад сумын төрийн сангийн дансанд орлого ороогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасан тул яаманд хандах нь зүйтэй гэх агуулга бүхий хариуг аймаг, сумын Засаг даргаас албан бичгээр хүргүүлжээ.
2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ч.Ч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “Ш” ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлого 620,352,459 төгрөгийн 15 хувийн урамшуулал болох 93,052,868 төгрөгийг гаргуулах хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр “...Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлсэн иргэнд олгох мөнгөн урамшууллыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос сумын Засаг дарга олгохоор хуульчилсан, иймд мөнгөн урамшуулалтай холбоотой асуудлыг сумын Засаг даргад хандан шийдвэрлүүлнэ үү” гэх агуулга бүхий хариуг өгсөн байна.
Нэхэмжлэгчээс Байгаль орчныг хамгаалах тухай хуульд урамшуулал авах эрхийг, Засгийн газрын тусгай сангийн журмын тухай хуульд Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийг байгаль хамгаалах иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулахад санхүүжүүлэхийг тус тус заасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх хууль бус татгалзлын улмаас хуульд заасан урамшуулал авах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж, хариуцагч талаас Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль хамгаалагчид урамшуулал бүрэн эрх нь тухайн аймаг, сумын Засаг даргад хамаарна гэж тайлбарлан маргасан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгээс мөнгөн урамшуулал олгохоор, 5 дахь хэсэгт хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос тухайн зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагчид урамшуулал олгохоор тус тус ялгаатай зохицуулсан байна.
Зөрчлийн талаарх мэдээлэл өгсөн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос, харин албан үүргээ гүйцэтгэж буй улсын байцаагч, байгаль хамгаалагчид хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос тус тус 15 хувиар урамшуулал олгохоор ялгаатай байдлаар хуульд заажээ.
Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журмын 17-д “Энэ журамд дурдсан мөнгөн урамшуулал нь байгаль орчны хяналтын орон тооны бүх шатны байцаагч, байгаль хамгаалагчид хамаарахгүй” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ч-д Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэнд урамшуулал олгох харилцаа хамаарахгүй гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар байгаль хамгаалагч нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй, тэдгээрт олгосон гэрээ, зөвшөөрлийн дагуу тухайн баялгийг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хүлээсэн байх бөгөөд энэхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа байгаль хамгаалагч иргэн хүний хувиар урамшуулах авах эрхгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/16286?daterange=2024-06-17%20-%202024-06-17&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг