“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Процессийн тойм
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.06.18-ны өдрийн 128/ШЗ2024/5192
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1002 дугаар захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул тус компанид эзэмшүүлсэн 1780610404 нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газраас 7844 м.кв газрыг хасаж, талбайн хэмжээг өөрчилж, мөн А/1000 дугаар захирамжаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөхийг үүрэг болгосон.
Нэхэмжлэгч “Эм энд Жи констракшн” ХХК-ийн зүгээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын дээрх А/1002, А/1000 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2023/6937 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
Шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарласан боловч хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч уг урьдчилсан хэлэлцүүлэг нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилсон.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр товлож, нэхэмжлэгчээс гаргасан “Захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж, Нийслэлийн Засаг даргын А/1000 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж, А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж 2023.10.20-ны өдөр процессын тоймыг бичиж олон нийтэд мэдээлсэн. Холбоос https://admincourt.gov.mn/cat03/640-em-end-zhi-konstrakshn-hhk-iyn-nehemzhleltey-hergiyn-tuhay.html/-оор үзэх.
Нэхэмжлэгчээс Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн.
Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалт буюу Нийслэлийн Засаг даргын А/1002 захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, мөн тус шүүгчийн захирамжийн 1 дэх заалт буюу Нийслэлийн Засаг даргын А/1000 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан хариуцагчаас тус тус давах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0933 дугаар тогтоолоор дээрх захирамжийн 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Нийслэлийн Засаг даргын А/1000, А/1002 дугаар захирамжуудын биелэлт нь тус хэрэг, маргааныг эцэслэн хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд бүхэлдээ түдгэлзэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/2673 дугаар албан бичгээр хэргийг ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүх хүлээн авсан.
Улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа бүрдүүлбэр ханган ирүүлснийг хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10449 дүгээр шүүгчийн захирамжаар Хот байгуулалт, хөгжлийн газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, хариуцагч нараас хариу тайлбар гаргуулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны дүнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурлыг товлосон.
Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Байгаль орчин газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/13-01/023-02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус шүүхийн 2024.01.23-ны өдрийн 0867 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар нэхэмжлэгч нь дээрх захирамжийн биелэлтийг хангаж нэхэмжлэлийн шаардлагаа дахин ирүүлснийг 2024.03.11-ний өдөр шүүх хүлээн авч 2238 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Байгаль орчин газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 2024.06.18-ний өдрийн шүүх хуралдаанаас гарсан 5192 дугаартай шүүгчийн захирамжаар Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн ерөнхий газар болон Усны газрыг тус тус шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гарч ирэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн “Мөнх тэнгэр, Хөх тэнгис групп” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Шинжээчээр томилогдсон байгууллагуудыг 2024.09.06-ны өдрийн дотор шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлэхийг шаардсан боловч өнөөдрийн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлээгүй байна.
Энэ хугацаанд шүүхээс шинжээчээр томилогдсон Усны газраас 2024.09.06-ны өдөр “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргаж нотлох баримт шаардсаны дагуу холбогдох баримтыг хүргүүлснээр шинжээч нар газар дээр нь хэмжилт хийж байгаа талаар шүүхэд мэдэгдсэн ба шинжээчийн дүгнэлт хараахан бэлэн болж ирээгүй байгаа болно.
Процессын тойм бэлтгэсэн:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч: У.Бадамсүрэн