НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВАХ
52 дугаар зүйл. Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр
52.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна.
52.2.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:
52.2.1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа;
52.2.2.нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;
52.2.3.хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг;
52.2.4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;
52.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт;
52.2.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт;
52.2.7.холбоо барих утас, факс, цахим хаяг.
52.3.Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана.
52.4.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
52.5.Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:
52.5.1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;
52.5.2.хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх;
52.5.3.нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг;
52.5.4.захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн;
52.5.5.нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;
52.5.6.захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн.
52.6.Захиргааны байгууллагаас гаргах захиргааны хэм хэмжээний акттай холбогдох нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 3.1.3-т заасан хуульд тусгайлан заасан байх нөхцөл хамаарахгүй.
53 дугаар зүйл. Нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах
53.1.Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна.
53.2.Хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална.
53.3.Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.
53.4.Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана.